10-20 жилийн өмнөх ХАБ-ыг эргэн дурсахуй

Анх дунд сургуульдаа өмсөх өмд, хэрэглэх цүнхнийхээ мөнгийг олох гэж 1990-ээд оны дунд үед 8-р ангиасаа Өрмийн туслах ажилтан хийн зуныхаа амралтаар 15 аймгаар тэнэж эхэлсэн юм. Өрөм дээр ажиллахад өдөр болгон гарын үсэг зуруулж, 30кг-ын өрмийн штанг зөв өргөх, өрөмдсөн худгийн ханын бэхэлгээнд хэрэглэгдэх трубаг фильтер болгон зүсэхэд тасдагчийг хэрхэн зөв ашиглах талаар Геологи Судалгааны Товчооноос наряд сайн өгдөг байсныг тодхон санаж байна. Ер нь бол 1990-ээд оноос ч өмнө Монголд Хөдөлмөр Хамгааллын асуудал сайн яригддаг байсан юм.

Жич: Хүүхдийн хөдөлмөр мөлжиж байсан гэж Товчоог шүүхэд өгвөө, сайн дураараа ажиллаж байсан юм шүү хахаха. Насанд хүрэгчид наймаа хөөгөөд алга болчихсон байсан үе...

1999 онд анх хөдөлмөр хамгааллын талаар Техникийн Их Сургуульд сурч байхдаа 1 кредит онолын хичээл заалгаж билээ. Их сонирхолтой санагдаад энэ талаар ном олж уншихаар хайсан боловч тухайн үед ганц ч ном дэлгүүрээс олж чадаагүй юм даг, тэр их мэдлэгийн сан 1990-2000 оны үед тасарсан нь харамсалтай. ТИС-ын номын санд хөдөлмөр хамгаалалтай холбоотой 3-5хан Орос ном байсан шиг санагдаж байна. Ц.Дамдинсүрэн гуайн ногоон хатуу хавтастай хүнд гэж жигтэйхэн Орос-Монгол толь барьж авч байгаад л хөдөлмөр хамгааллын талаар (2008 оноос хөдөлмөрийн аюулгүй байдал гэж томьёологдсон) анхны А үсгийн талаар уншихад хичнээн сайхан байсан гэж санана, Оросын Охрана Труда бол шинжлэх ухаан талаасаа суурьтай судлагдсан маш сайн онолын мэдэгдэхүүн өгч чаддаг боловч амьдрал дээр хэрэгжихэд төвөгтэй их томьёо, зааварчилгаатай юм шиг санагдаж билээ. (Хожим нь Австралийн Major Drilling-нд 2005 онд ороод орчуулагчаар ажиллаж эхлэхдээ Safety амьдрал дээр яаж хэрэгждэг талаар харсан даа, дараа нь BHP Billiton Монголд орж ирээд ХАБЭА яаж ажилладагийг зааж өгөн “эрүүг минь мулталж хаясан”, дараа нь Саусгоби Сэндс, Энержи Ресурс, Трансвест дээр олсон мэдлэгээ туршиж туршлага болгож авч билээ). Тэр үед одоогийнх шиг 88 ХАБЭА-н сургалтын байгууллага байсан ч үгүй, гарын 5 хуруунд л багтахаар байлаа, ХАБЭА-н гарын авлага бол салбартаа ганц хоёр, илүү мэдээлэл мэдэхийн хүсвэл гэрийн утасны шугамаар залган интернетийн модемоо шажигнатал дуугаргаж байгаад 128kb хурдаар ганц хоёр текст татаж аваад, нөгөөхөө ойлгох гэж 25,000 үгтэй Алтангэрэл гуайн словарьтай “найзалж” байсан хүнд үе байв.

Залуусаа, одоо бол та бүхэн мэдээллээрээ хахаж байна. Миний бодлоор 2000 оны эсрэг үе юм даа, тэр үед тархи боловсруулах мэдээллээр цангаж байсан бол одоо гүүглээр ганц хайхад 1,000,000 гаруй илэрч гарч ирээд мэдээллээр “огиулж” байна, ганц хүндрэл нь гаруй мэдээллээс алийг нь авч ашиглах вэ? гэдэг сонголтын эрин зуун болчихож. За хадуураад цаашаа жаахан явчихья...>>>

Та аль нэг сургалтын байгууллагыг сонгоод, суралцаад ХАБЭА-н ажилтны сертификат авч болно. Гэхдээ ажил дээрээ л ХАБЭА-н философи, бодлого, удирдлагын тогтолцоо, стратеги, хөтөлбөр, журмуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар суралцана гэдгийг санаж яваарай. Туршлага л таныг тэргүүлэх зэрэглэлийн мэргэжилтэн болгоно. Туршлага дотроо олон янз байдаг. Аль болох сайн компанид ажиллаж, сайн туршлага эзэмшихийн тулд сайн цалин, тав тухтай байдал, гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх цагаа ч золиослох шаардлага тулгардаг. Золиосгүй Амжилт гэж байдаггүй. Жишээ нь: ХАБЭА-н философи (Метафизик, Эпистемологи, Этик, Логик)-ийн талаар уншиж судлахад багагүй цаг зарцуулна, өөрөөр хэлбэл өөрийн хийж байгаа ажлынхаа гүнд юу нуугдаж, уг дэвсгэр дээр ямар зүйл баригдаж байгааг харж чаддаг болох, ХАБЭА-н бүтцийг тухайн нөхцөл байдалд тулгуурлан хамгийн боломжит зардлаар, цомхон бөгөөд хүртээмжтэй байдлаар зохион байгуулж чаддаг болох хүртлээ нилээдгүй цаг зарцуулна гэсэн үг юм. Тиймээс зоригтой байгаарай, бас өөрийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэхийн тулд илүү ихийг судлан, хувь хүнийхээ хөгжилд цаг гаргаж байгаарай. Алдаа гаргахаас бүү ай. Бүх мэргэжилтнүүд алддаг, онодог, дараа нь төлөвшдөг (муу Ганжигүүр нь ХАБЭА-н удирдлагын тогтолцоогоо бараг 30-аад нурааж, дахин босгож үзлээ, хэдэн зуугаар тоологдох алдаа гаргаж байсан, хичнээн ч удаа дахин эхлэв, тамхиа зуугаад олон шөнө ХАБЭА менежментийг хэрхэн зөв хийх болон гаргасан алдаагаа хэрхэн засах талаар бодоод нойргүй хонож билээ, хоносоор ч байгаа, ер нь хоносоор ч байх юм байна...).

Та бол АЗТАЙ нэгэн, ХАБЭА-н гайхамшигтай үед ажиллаж байгаа хүн юм. Магадгүй 10-20 жилийн дараа бүх зүйл төлөвшөөд ХАБЭА-д нэмж хийгээд байх зүйл бага болсон байж магадгүй юм. Харин одоо бол боломж язагнаж байна. Хууль, стандарт, журам, сургалтын чанар, удирдлагын тогтолцоо гээд бэлэн болоогүй зөндөө зүйлс байна гэдэг нь танд аливаа зүйлийг хийж бүтээх хангалттай их орон зай, цаг хугацаа, боломж байнаа л гэсэн үг юм. Хожим Монгол Улсдаа ХАБЭА-н түүх бичилцэж байсан нэгэн гэж дурсагдахын өнөөдөр эхлээрэй, аль ч сэдвийг барьж авч болно. Жишээ нь: Хандлагад суурилсан ХАБЭА (Behavior Based Safety), ХАБЭА-н сэтгэл зүй (Safety Psychology), Хөдөлмөрийн эрүүл мэнд, ХАБЭА-н онолууд, стратегууд, эсвэл стандартуудын боловсруулалт дээр ч сууж болно.

Яг одоо МХЕГ-ын Эрдэнэтөгс даргын гаргасан Эрсдэлийн үнэлгээний тухай номыг уншиж сууна, ийм нөр их хөдөлмөр гаргаж, дараагийн үедээ алхах шинэ зам тавьж өгсөн мэргэжилтнүүддээ баярлалаа. Нэмж их зүйл хийгээрэй.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК