Нийт ажилтнуудаа ХАБЭА-н ажилтан болгох боломжтой юу?

Нийт ажилтнуудаа ХАБЭА-н ажилтан болгох боломжтой юу? Тийм. Яаж? Энэ бол манайд хэрэгжүүлсэн ХАБЭА-н технологи бөгөөд санаа авах зүйл байвал аваарай. Гэхдээ өөрийн байгууллагын онцлогыг харгалзан өөрчилж болно.

Энэ хүсэл анх 2013 оны 11-р сард төрсөн юм. Тэр үед компанидаа ороод дөнгөж 1 сар болж байлаа, Захиралдаа танигдаагүй, хамт олон шинэ ирсэн Менежер гэж ямар хүн байдгийг ажиглаж байсан үе. Захирал дээрээ орлоо, ажлын талбайд өдөр тутам хийдэг нарядыг Төв оффист 7 хоногийн Баасан гариг бүрт сонирхолтой хэлбэрээр хийх саналтай байгаагаа танилцууллаа. Захирал “туршиж үзье” гэсэн байдалтай харцаар харж байсан юм. Эхний удаагийн сургалтаа өөрөө хийж, шийгуа дээр малгай өмсгөх тоосго унагааж үзүүлж байснаар эхэлж байснаа санаж байна. Дараагийн удаагийнхийг зохион байгуулах хүн саналаараа гарч ирэхийг хүслээ, алга... Бүгд л доош хараад, ичингүйрсэн шинжтэй. Нэг эмэгтэй ажилтан дээрээ очоод, чамд бэлдээд өгье, чи чаднаа өөрийгөө нээ гэж гуйлаа, итгэлгүйхэн зөвшөөрсөн, энэ байдлаараа 1 сар гаран ажиллахад Төв ОФфисийнхон Баасан гариг бүрт цугларан, сонирхолтой ХАБЭА-н туршилт, presentation үздэг хэвшилтэй болов. Сайн дураар хийх хүн олдохгүй байсаар л... гуйсаар л... шаардлагатай бол тулгаж үзнэ...

Гэтэл нэг өдөр Үйлдвэрлэл дээр явагддаг ХАБЭА-н 7 хоногийн уулзалтыг үеэр нэгэн ажилтан Төв Оффисийнхон алкоголь тест хийдэггүй, бид яагаад хийх ёстой гэж гэдэг асуудал босч ирлээ, Төв Оффист адилхан үлээдэг болохын тулд яаж хийх вэ? гэж 7 хоног бодов. Захиралдаа хэллээ, мань хүн жаахан дургүйхэн байв, мань хүнээр дамжуулан уг асуудлыг ХАБЭА-н зөвлөлийн хуралд орууллаа. Зөвлөл дэмжив, мэдээж Зөвлөлийн хурлын өмнө гишүүдтэй хувьчлан уулзаж, лобби хийсэн. Архины хор нөлөөллийн талаархи сургалтаа бэлтгэнгээ, хэзээ хийх, ямар багажаар хийх, гарах зардал, ашиглах хүний нөөц, гарын үсэг зуруулах хуудас зэргээ бэлдлээ... 2 сар сургалтаа явуулав. ХАБЭА-н бүхцагуудыг ашиглан Архины хор нөлөө, Компаниас баримтлах бодлого, Бодлого хэрэгжиж ирэх өдрийг зарлав. Зарласан өдрөөс эхлэн тууштайгаар үлээлгэж эхлэв, эхлээд мэдээж хүн болгон үлээж чадахгүй, зарим албаар алдаа гарган, үг хаяж, энэ ажлыг зогсоохоор санаатай бөгөөд санамсаргүй байдлаар оролдож байсан юм. Гэсэн ч эхэлсэн бол тууштай байх ёстой гээд зүтгэлээ. 6 сарын дараа хэн ч юу ч хэлэхээ больсон, учир нь энэ бол бид хийх ёстой жирийн зүйл мэт ажилтан, ажиллагсад хүлээн зөвшөөрсөн байлаа...

Одоо хүмүүс аюулыг мэдээллэх арга хэмжээнд хамруулах шаардлагатай боллоо. Надад 3 зүйл хэрэгтэй байв:
1. Захирлын зөвшөөрөл ба манлайлал – Түүнд зөвлөж, гарах үр дүн болон ач холбогдолд итгүүлэх шаардлагатай байв. Түүнээс л эхэлнэ, өөр замгүй гэдгийг ойлгуулав.
2. Дунд шатны удирдах ажилтны манлайлал – Эхэндээ үүнийг Захирал хүсэж байгаа тул заавал хийх ёстой гэдэг тулгалтаар тэдний манлайллыг эхлүүлэв. Дараа нь энэ ажил түүнд ямар ашигтайг аажимдаа тайлбарлаж, энэ үйл ажиллагаанд оролцох идэвхийг нь нэмэгдүүлэв.
3. Ажилчдын гүйцэтгэл – Аюулгүй ажиллахыг тулд ослын шалтгаан аюулыг хамтдаа үгүй хийх, үүнийг ажлын байран дээр үл тэвчих үзэл гаргахыг Компанийн удирдлагуудаас уриалж байгаа тухай нилээд ятгав, холбогдох журам нь гарч ирэв. Гэвч үнэхээр хүндрэлтэй байсан, үйлчилгээний ажилтнааас эхлүүлээд, Хүний нөөц, Санхүү, Худалдаа, Ресепшин охиныг хүртэл хөдөлгөхөд нилээд цаг зарцуулсан даа. Энэ ажил ойролцоогоор 12 сар авсан. Захирлаар дамжуулаад хүн болгон 7 хоногт 1 удаа заавал ажлын байрны үзлэг хийх хэрэгтэй байна гэдэг аман тушаал гаргууллаа, гэвч Хүний нөөцөөс өөр хэлтэс оролцож өгөхгүй 4 сар болсон юм, гэсэн ч ухраагүй, тууштай зөвлөсөөр л... Бүтэн жил болсны дараа л бусад хэлтсүүдэд бага багаар нэвтэрсээр, бүгд хийж эхэлсэн юм.

Компаниас жилийн эцэст бонус өгдөг байлаа, үүний 40% нь ХАБЭА байв. Хэлтсийн менежер өөрсдийн үзэмжээр тухайн хүнд ХАБЭА-н 40% бонусыг нь олгох эсэхээ шийддэгийг харав. Менежерт нь ч хүндрэлтэй байгааг үнэлгээний үеэр ярилцаж байхдаа анзаарсан юм. SGS хэрэгжүүлж байсан ХАБЭА-н үнэлгээний системийг үүнтэй уялдуулаад нэвтрүүлэх алтан боломж бий боллоо гэж нэг орой бодож суухад толгойд орж ирэв. Гялс дараагийн Менежерүүдийн хурал дээр Та нар үнэлгээ хийхдээ баримтлах тоон үзүүлэлт байхгүй хэцүү байгаа биз дээ, надад нэг санаа байна гээд ятгав. Нөхдүүд сайн мэдэхгүй ч сонирхож байлаа, илүү дэлгэрэнгүй загвар, системээ тайлбарласан presentation бэлдээд оруулав, нөхдүүд зөвшөөрөв, одоо Захирлуудын шийдвэрийг авах үлдэв. За менежерүүдэд нь гүйцэтгэл үнэлэхэд ийм асуудал тулгараад байна, ингэж шийдэх боломжтой байна, дэмжээрэй гээд Менежерүүдээ ардаа зогсоож байгаад Захирлуудын хуралд оруулав. Захирлууд 1 сар бодлоо, дунд нь нөлөөтэй 1 захирал байдаг юм, тэрнийг нөгөө 2 ятгаад өгнө үү гэж панаалдлаа, сарын дараа зөвшөөрөл өгөв. Одоо хамгийн том ажил нэвтрүүлэлт... Эхлээд сургалтаа 1 сар хийв, хэзээ эхлэх, ямар зарчмаар ажиллахаа хэлж, тайлбарлав. Нэвтрүүлэв... эхний сард нийт ажилчдын идэвх 50% хүрэхгүй, нэг хүнд оногдох дундаж оноо дөнгөж 3 байлаа... Захирал болон бусад менежерүүд надад ер нь энэ чинь хэрэгжих юм уудаа, дэмий цаас үрээд байна гэж үг хаяж эхлэв. Манайхаас сөрөг дайралт хийж суртал ухуулгаа идэвхжүүлэв, хоёрдахь сард 70% хүрлээ, нэг хүнд оногдох дундаж оноо 5,8 болов. 3 дахь сард 85% болж өсөв, нэг хүнд оногдох дундаж оноо 6,8 болов... Нэг жилийн дараа гэхэд энэ үнэлгээний систем нийт ажилтан ажиллагсдад хүлээн зөвшөөрөгдөж, ХАБЭА-н соёлын нэг элемент болсон байх болно.

Бүх зүйл богино хугацааны дотор сайн сайхан болдоггүй, хүнд хэвшил суух хугацаа дунджаар 60 өдөр байдаг гэж Шинжлэх ухаан нотолсон байдаг болохоор бид эхний 3 сар амжилтгүй явсан ажлыг заза бүтэхгүй нь гэж хаяхгүй байх хэрэгтэй. Магадгүй 6 сар яваад ч урагшлахгүй ажил байна, гэхдээ л шантарч болохгүй, тууштай зүтгэ, эхэлсэн бол тултал нь хий... ХАБЭА-н соёлыг нураадаг гол хүчин зүйл нь ХАБЭА-н ажилтнууд өөрсдөө эхэлсэн зүйлээ дуусгадаггүй эсвэл тууштай хэрэгжүүлдэггүй эсвэл эхний элементээ бүрэн хэвшүүлээгүй байж, дараагийн шинэ элементийг нэвтрүүлэн ажилчдын толгойд холион бантан үүсгэдэгт л байгаа юм.

Та шинэ элемент нэвтрүүлж байхдаа мэдээж айдастай байдаг, би ч бас... Энэ бүтэх болов уу? Ажилтан ажиллагсад юу гэж хүлээж авах бол? Би чадах уу? Гэхдээ хэзээ ч өөрийн эргэлзээ болон айдсыг бусдад харуулж болохгүй, хэрэв тэгвэл ажилчид өө заза бид туршилтыг туулай юм байна, энэ нөхөр өөрөө хийж үзээгүй зүйлээ бид нар дээр туршлаа гэдэг сэтгэгдэл үүсээд, чамд ихээхэн дарамтыг бий болгох үгсийг чулуудаж эхэлдэг. Даруухан бөгөөд итгэлтэй бай...

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК