Би шинэ ХАБЭА-н ажилтан, юунаас эхлэх ёстой вэ?

Ийм асуулт нилээд хэдэн хүнээс сонсож байлаа. Тэгэхээр миний зүгээс өгөх зөвлөгөө ийм байна.

Стратеги #1:

Хамгийн амархнаас нь эхэл. Өөрөөр хэлбэл эхлээд бодлого, зорилтоо тодорхойлж, менежмент төлөвлөгөө гаргах гэж толгойгоо гашилгалгүйгээр наряд, gap analysis буюу сул талын судалгаа, сургалт, аюулыг мэдээлллэх аян, ажлын байрны үзлэг гээд аль болох багаас нь эхэлж болно. Системийг бүхэлд нь харж иж бүрэн ХАБЭА-н менежмент хийж сурахын тулд нилээд зүйлийг ойлгож, тухайн салбартаа ажилласан байх туршлага шаардлагатай. Хүн болгоныг яаж аюулыг таньдаг болгох, аюулыг таньсны дараа түүнийг арилгах эсвэл хяналтандаа авдаг болгохын тулд аюулыг мэдээллэх хуудас, ажлын байрны үзлэг, ажлын аюулын шинжилгээ, Take 5 гээд олон янзын арга барил, цаас ашиглан хүмүүсээ сургаж болно. Энэ бол туршлага багатай залууст маань зөв эхлэл.

Стратеги #2:

Хэрэв та туршлагатай бол эхнээс нь эхлэх нь чухал. Мэдээж эхлээд бодлого байна, үүнийг ХАБЭА боловсруулаад, захирал батлан, бүх хүмүүсдээ танилцуулна.

Үүний дараа бодлого дээр үндэслэн эрсдэлийн менежментийг нэвтрүүлнэ, бүх эрсдэлүүдийг бид амьдрал дээрээ ч хянаж чаддаггүй, тиймээс хамгийн аюултайгаас нь сонгож аваад цөөн хэдийг нь онилон эхлэх нь арай дээр. Аюулыг таних, эрсдэлийг нь үнэлэх, арга хэмжээ авах, бүртгэх зэрэг цогц байдлаар нь эрсдэлийн менежментийг боловсруулна. Хэн хэн юу хийхийг заан өгч, ажлын байран дээрхи сургалтуудаа хийнэ. Хууль эрх зүйн шаардлагуудаа үүрэг хариуцлагатай нь уялдуулж, агуулахын ажилтан яг юуг яаж хийх талаар тодорхойлж, хийлгэдэг болгоноо л гэсэн үг. Ингэснээр ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.

Дараа нь одоо байгаа ХАБЭА-н соёлын түвшин болон эрсдэлийн менежмент, бодлогынхоо хүрээнд зорилго, зорилтоо тодорхойлно. Оны эцэс гэхэд юуг хийсэн байх, одоо гарч буй ослуудыг хэдэн хувиар, яаж бууруулах талаар өөрийн харж буй зураглалаа тодорхойлно.

Уг зураглал (зорилго, зорилт) дээр үндэслэн менежмент төлөвлөгөө гарч ирдэг. Өөрөөр хэлбэл зорилгодоо хүрэхийг тулд ажилтан, ажиллагсадыг хэрхэн зохион байгуулах тухай бичиг баримт юм. Санхүү, Хүний нөөц, Үйлдвэрлэл, Засварын гээд бүх хэлтсүүд ямар байдлаар хэрхэн ХАБЭА-д оролцох тухай цогц төлөвлөгөө гарч ирээд, бүх хэлтсүүд энэ тухай мэдээлэл авсан байна. Эс бөгөөс цалингийн нягтлан хүртэл өнгөрсөн сард хэдэн цаг ажилласан тухай мэдээлэл тэднээс гарч ирэхгүй бол ХАБЭА-н сарын тайлан гарч чадахгүй хэмжээнд хүрдэг. Жишээ нь: Тухайн оныхоо зорилт дээрээ Засварын хэлтсийн ийм ийм ажил дээр журам боловсруулж, ажлын байранд мөрдүүлнэ гээд заагаад өгчихвөл тухайн жилдээ тэднээр хангалттай зүйлс хийлгэж чадна, журам болгоныг ХАБЭА ажилтан боловсруулах гээд цаг үрээд байх ч шаардлагагүй болно гэсэн үг.

Эцэст нь менежмент төлөвлөгөөгөө үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Энэ нь л хамгийн их бэрхшээлтэй ажил нь билээ. Нийт ажиллах хүчний 40-70 хувь нь сургалт дутуу байдлаас болоод ч юм уу, шинэ зүйлээс битүүхэндээ айсандаа жаахан цааргалангуй хүлээн авдаг. Иймээс эхний үед шинэ компани дээр “хүч хэрэглэх” шаардлага тулгарна. Захирал болон хэлтсийн удирдлагуудын дэмжлэг энэ үед нэн чухал юм. Тэднийг ардаа бат зогсоосноор ажлын байранд төлөвлөгөө хэрэгжүүлэхэд хялбар болгож өгдөг. Үйл ажиллагаанд нэвтрүүлж байхад зөвхөн компанийн ажилтан ажиллагсад гэлтгүй манай ажлын байр луу нэвтэрч байдаг гэрээт компаниудынхаа үйл ажиллагааг ч уялдуулан тооцох шаардлага гарч ирдэг. Жишээ нь: Уул уурхай хувьд түлш ханган нийлүүлэлт, гэрээт тээврийн компаниуд, зочид гээд хөндлөнгөөс оролцогч тал их байдаг. Нийт ослын 75 хувь тэд манай талбай дээр ирээд осол гаргасан байдаг тул жилийн зорилгодоо хүрэхийн тулд зайлшгүй contractor management буюу гэрээт компаниуд болон оролцогч талуудын аюулгүй байдал, манай талбай дээр үүрэг гүйцэтгэхдээ юуг анхаарах талаар зааж өгөх, тэдэнд хяналт тавих хэрэгтэй болдог. Наад зах нь маргааш манай түрээслүүлэгч компани засварын цех дотор усны хоолойн 30 метр урт шугам хоолойг засахаар 7 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд тэдний ажилчид 1,5 метрээс дээш өндөрт ажиллах шаардлага бий болох тул бидний зүгээс сэрээт өргүүр дээр сагс угсран өндөрт ажиллах шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай болж байна. Үүнийг хэдээс хэдэн цагийн хооронд гүйцэтгэж, хэн хяналт тавьж, хэн сэрээт өргүүрийг удирдан, яаж хийх тухай ажлын аюулын шинжилгээ тэдний залуустай хийн, ажлаа төлөвлөнө гэсэн үг юм.

Хэрэв ингэвэл ийм зүйл хийнэ гээд менежмент төлөвлөгөөн дээрээ тусган, үйл ажиллагааны явцад хэвшүүлчихвэл аль ч хэлтсийн удирдлагууд хамтран ажиллахаас татгалздаггүй, ажил жигд үргэлжилдэг. Жишээ нь: Жилд 5 удаа ХАБЭА-н сургалт зохион байгууллагддаг. Тухайн оны 1-р сар гэхэд бүх сургалтуудаа он, сар, өдөр, цагаар нь төлөвлөөд бусад хэлтсүүдийн удирдлагуудад танилцуулсан байдаг болохоор гэнэтийн саатал гарах нь бага болно.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК