ХАБЭА-н сайн соёлын хэлбэр

Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллагын сэтгэлзүй, хандлага, туршлага, итгэл үнэмшил, үнэт зүйлийн цогцыг хэлнэ.

ХАБЭА-н соёл ч дотроо олон янз болохыг өмнөх мэдээлэл дээрээ дурьдсан. Харин одоо осол бага гардаг компаниудын соёлд ямар хандлагууд суусан байдгийг дурьдья.

Сайн бүтээлч соёл
- Аюулыг таньж, эрсдэлийг үнэлэх, түүнийг хяналтандаа авах эсвэл арилгахыг зорьдог. (Жишээ нь: Аюулыг мэдээллэх хуудсыг ажилтнуудаараа ашиглуулах, Ажил хийхээсээ өмнө ажлын аюулын шинжилгээ хийж гарч болзошгүй эрсдэлүүдийг таних, ажлын байрны үзлэг, гадаад дотоод аудит гэх мэт...)
- Leading үзүүлэлтэд анхаарлаа хандуулдаг.
- Осол гараагүй байсан ч ХАБЭА-н системээ байнга сайжруулж, шинийг эрэлхийлж байдаг.
- Бусдын алдааг өөр дээрээ давтахгүй байхыг хичээдэг. Жишээ нь: Ослын сэрэмжлүүлэг хүлээн аваад өөрийн байгууллага дээр гаргахгүйн тулд холбогдох арга хэмжээг яаралтай авдаг.
- Ямар ч үед бүх хууль, дүрэм журмыг ягштал баримталдаг.
- Бүх удирдлагын шатанд ХАБЭА-н манлайлал бий болсон. Жишээ нь: Хүмүүс ХАБЭА-н үйл ажиллагаа бол миний ажлын нэг хэсэг гэдгийг ухамсарласан, үүнийг хийдэг байх (Хүний нөөц, Санхүүгийн бүсгүйчүүд ажлын байрны үзлэгт оролцох, хүн бүр харсан аюулаа мэдээллэдэг, засдаг байх гм...)
- ХАБЭА-н ажлыг байгууллагын бүх ажилтан ажиллагсад хамтдаа хийдэг. Бүгд оролцдог.
- ХАБЭА-н ажилтан нь зөвлөх хэлбэрээр ажилладаг. Хүмүүс ХАБЭА-г зөв хэрэгжүүлэхэд нь тусалдаг байх.

Тааруу соёл (муу гэж бичээгүй шүү)
- Осол гарсны дараа арга хэмжээ авч, эрсдэлээ хяналтандаа авдаг эсвэл арилгадаг.
- Lagging үзүүлэлтэнд анхаарал хандуулдаг (Жишээ нь: Төв хаалгандаа манайх тэдэн өдөр осолгүй ажиллалаа гэж бичдэг ч юм уу. Энэ нь эргээд ажилтан, ажиллагсадад дарамт болдог. Надаас л болж сайн явсан үзүүлэлт нурж уналаа, хамт ажиллагсад нь осол гаргасан ажилтныг муулж эхэлдэг, үүнээс үүдэн ослоо нуух хандлага цэцэглэдэг)
- Осол гараагүй л бол өөрчлөлт хийдэггүй, системээ хэвээр нь хадгалдаг.
- Торгууль авсны дараа хууль, дүрмийг мөрдөж эхэлдэг.
- Аюулыг мэдээллэх, ажлын байрны үзлэг хийх, ослын судалгаа хийх нь ХАБЭА-н ажилтны үүрэг гэж бусад хүмүүс ойлгодог. ХАБЭА-н ажилтан миний аюулгүй байдлыг хангах ёстой гэдэг хандлагатай байдаг.
- ХАБЭА-н ажлыг зөвхөн ХАБЭА-н ажилтан хийдэг.
- ХАБЭА-н ажилтан нь цагдаа шиг хянаж, торгож ажилладаг.

Жич: Дэлхий дээр олон төрлийн соёл байдгаас эцсийн байдлаар энэ нь хамгийн сайн гэж шалгаран гарч ирээгүй л байна. Маш олон төрлийн арга барил дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэгддэг.

ХАБЭА-н соёлыг үрийг тарих нь эргээд ХАБЭА-н ажилтны үүрэг юм. Учир нь ямар ямар ХАБЭА-н соёл байдаг, үүнийг хэрхэн бий болгох талаар бусад хүмүүс ойлголт байхгүй байдаг шүү дээ. Үрийг тарихын тулд Захиралдаа ямар цэцэгний үр болохыг тайлбарлаж, цэцэг ургаад хэрхэн сайхан болохыг ятгах хэрэгтэй. Дараа нь түүний дэмжлэгтэйгээр Газрын дарга, Менежерүүдээр манлайлуулан ажилтнуудыг хөдөлгөдөг.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК