Гэрээт компаниудад тавигдах зарим шаардлагууд

Гэрээндээ оруулж өгөөд, өөрийн болон гэрээт компанийн удирдлагууд, ХАБЭА-н ажилтнуудтай нь сууж байгаад анхандаа ярилцаад, тохирчихвол амар байдаг.

- Төслийн өмнөх эрсдэлийн үнэлгээ: Ажил эхлэхээс өмнө манай, танай ХХК-аас уг төслийг удирдаж байгаа бүх инженер, техникийн ажилтнууд хамтран эрсдэлийн үнэлгээ хийх бөгөөд ... ийм ийм эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг аван, төслийн ажилд оролцох хүмүүст танилцуулна. Сургалтын үеэр эрсдэлийн үнэлгээгээ хийж болно.

- ХАБЭА-н сургалт “тоглоомын дүрмээ танилцуулна”: Үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө манай талбай дээр ажиллах бүх хүмүүсийнхээ нэрсийг өгч, манай сургалтыг авсан байх ёстой. Сургалтанд суугаагүй, манай дүрэм журмыг мэдэхгүй хүнийг ажлын талбай руу оруулахыг хориглоно.

- Манай талбай дээр манай дүрмээр “тоглоно”: Уг төсөл хэрэгжиж буй талбайд манай ХАБЭА-н бүх бодлого, дүрэм журам хэрэгжих бөгөөд аливаа зөрчилд арга хэмжээ авах эрхийг манай компаниас төслийг удирдаж байгаа албан тушаалтан болон ХАБЭА-н ажилтан эдэлнэ. Гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна.

- Хариуцлага: ХАБЭА-н тухай хуулийн 28,4-р заалт болон Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрмийн 1,7-д заасанчлан үйл ажиллагаатайгаа холбоотой аливаа осол, хурц хордлогыг зохих газруудад мэдээллэх үүрэгийг гэрээт компани хүлээх ба өөрийн нийт ажилтан, ажиллагсад, гэрээт компани, зочдынхоо аюулгүй байдлыг бүрэн хариуцна.

- Ажилчдын чадамж: Аливаа тоног төхөөрөмжийг зөвхөн сургагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй оператор/ажилчин ажиллуулна. Төслийн талбай дээр тоног төхөөрөмж ажиллуулах зөвшөөрлийг манай компанийн ХАБЭА-н ажилтан олгоно. Аюулгүй байдал хангаагүй эсвэл зөвшөөрөл тоног төхөөрөмж төслийн талбайд оруулан, ашиглахыг хориглоно.

- Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл: Гэрээт компани нь өөрийн ашиглаж буй бүх тоног төхөөрөмж, багажны аюулгүй байдлыг ханган, зөв, аюулгүй ашиглах сургалтыг ажилтан, ажиллагсаддаа хийсэн байна.

- Архи дарс, мансууруулах бодис: Төслийн явцад манай компанийн ... журмын дагуу “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглодог”. Өдөр бүр манай компанийн зүгээс төсөл дээр ажиллаж байгаа ажилтан, ажиллагсадыг үлээлгэх бөгөөд 0,00-ээс өөр үр дүн гарсан тохиолдолд тухайн хүнийг төсөл дуустал ажлын талбай руу дахин оруулахгүй. Танай талд мэдэгдэнэ, танайх уг хүнийг дахин манай талбай руу томилохгүй байх үүрэг хүлээнэ...

- Эмх цэгц: Аюулгүй байдлыг хангах зорилгоор орой бүр төслийн талбайн ажил дууссаны дараа цэвэрлэх үүргийг гэрээт компани хүлээнэ.

- Торгууль: Манай дүрмийг зөрчөөд байвал ингэж арга хэмжээ авна. Санхүүгийн торгууль оногдуулах эсэх? Сарын ажлын гүйцэтгэлийн 5 эсвэл 10 хувиар байх эсэхээ өөрсдөө тодорхойлоод гэрээндээ оруулчих хэрэгтэй.

- Юмыг яаж мэдэх вэ, нүх ухаж байхад: Ямар нэг археологийн олдвор илэрсэн тохиолдолд ... компани холбогдох газарт нь мэдэгдэнэ.

Маш ерөнхий зүйл орууллаа, тухайн төслийн онцлогоос хамаараад олон зүйл нэмэгдэж болно.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК