ХАБЭА-н үүрэг, функцийн хуваарилалт

ХАБЭА-н зарим ажилтнууд маань ажилчид, ахлах ажилтнууд (мастер, ахлах, инженер, техникийн ажилтнууд, менежер) болон захирал ХАБЭА-н ямар ажилд ямар үүрэгтэйгээр оролцох вэ? гэдгийг мэддэггүйн улмаас бүх ажлыг өөр дээрээ авч, дараа нь хэт их ачааллаар булуулчихдаг асуудал тулгардаг. Жишээ нь: Ажлын байрны үзлэг, эрсдэлийн үнэлгээ, журам боловсруулалт, төлөвлөгөө, хяналт, сургалт гэх мэт ажлуудыг өөрөө дээрээ авчихдаг гэсэн үг юм. Зарим нь ХАБЭА-н ажлыг зөвхөн өөрийн ажил гэж ойлгодог учраас бүх ажилчдыг оролцуулахаас илүүтэйгээр ганцаараа эсвэл ХАБЭА-н багаараа зүтгэдэг. Хэрэв ХАБЭА-н асуудал нь зөвхөн ганц хүн эсвэл баг дээр төвлөрч явагдвал, хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Тиймээс ХАБЭА-н асуудалд бүх хүнийг оролцуулахын тулд аливаа байгууллагад ажилладаг ажилчид, албан тушаалтнууд ХАБЭА-н ажилд оролцох үүргийг хуваарилж өгөх нь зүйтэй юм.

1. Ажилчин – ХАБЭА-н журам, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл эрсдэлийн үнэлгээнд оролцоно (эрсдэлийн үнэлгээнд оролцох ёстой гэж Хөдөлмөрийн гэрээн дээр нь тусгасан байвал сайн), ажлын байрны үзлэгт оролцоно, аюулыг танина, арилгана, ослын судалгаанд оролцоно гэх мэт. Гэртээ байхдаа гэр бүлийн гишүүдийг аюулгүй байх асуудал нь зөвхөн аав, ээжийн төдийгүй үр хүүхдийн үүрэг байдагтай адилхан, ажил дээр ч ХАБЭА-н ажилтан төдийгүй нийт ажилтан, ажиллагсадын үүрэг байх ёстой.

2. Ахлах ажилтнууд (инженер, мастер, техникч, менежер) – Багийн удирдан ХАБЭА-н журам, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Ажилчидийн манлайлагч байж ХАБЭА-н асуудалд оролцоно гэсэн үг юм. Анхан шатны удирдлагын хувьд ахлах ажилтнууд ямар байна? түүний удирдлагад байгаа ажилчид яг тийм сэтгэхүйтэй байдаг. Жишээ нь: ХАБЭА-н асуудлыг миний ажил, анхаарах асуудал биш гэж боддог менежерийн ажилчид ийм сэтгэхүйг түүний үйлдэл, хэлж байгаа үгнээс тусгаж авсан байдаг. Тиймээс ахлах ажилтнуудыг хэр сайн ХАБЭА-н ажилд оролцуулна, тэр хэмжээгээр байгууллагын нийт ажилтан, ажиллагсад өөрсдийн аюулгүй байдалд санаа тавих нь нэмэгддэг.

3. ХАБЭА-н ажилтан – ХАБЭА-н төлөвлөгөө, сургалтыг боловсруулж, нийт ажилтан ажиллагсадад хэрхэн хийхийг нь заахыг тулд сургалт явуулж, багуудад хяналт тавин, захиралд мэдээллэж байх үүрэг хүлээдэг. Багийн гүйцэтгэгч эсвэл удирдагч биш, зөвлөх гэдгээ цаг ямагт санаж байгаарай. Жишээ нь: Засварын төвд том машиний дугуй солих журам боловсруулах шаардлага гарлаа гэж үзье. Та урьд нь хэдийгээр жижиг тэрэгний дугуйг амьдрал дээрээ зөндөө сольдог туршлагатай боловч 100 тоннын ачаа зөөвөрлөдөг машиний дугуй (100кг орчим хүнд) солих журам боловсруулахад туршлага дутна. Тиймээс уг журмыг тухай ажлын дэс дараалал, горимыг сайн мэддэг хүн боловсруулах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл засварын ахлах мастер, ажилчидтайгаа хамтран боловсруулаад ХАБЭА-н ажилтнаар хянуулан, захирлаараа батлуулаад, ажилдаа хэрэглэнэ гэсэн үг. Анхаарах зүйл: Захирал цаг багатай, ажил ихтэй байдаг тул ХАБЭА-н ажилтан захиралдаа танилцуулах мэдээллээ сайн боловсруулаад, захиралдаа богино хугацаанд товч тайлагнаж байх хэрэгтэй. Анхаарбал зохих зүйл, анхаарбал зохих ахлах ажилтнууд, ямар дэмжлэг хэрэгтэй байгааг хэлэхэд л болно.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК