Ажлын байран дээрхи бүх Аюулыг “үгүй” болгож болох уу?

Хэд хэдэн асуултанд хариулах нь:

Нийт хэмжээг нь багасгаж чадна. Боломжит хэмжээ хүртлээ. Гэхдээ бодит амьдрал дээр бүрэн “үгүй” болгож чадахгүй. Цахилгаан (тог) аюул уу? Аюул. Үгүй болгож байгаа нь энэ гээд цахилгааны щитэн дээрээс бүх эрчим хүчийг таславал бид компьютергүйгээр ажиллаж чадах уу? үгүй. Халуун кофе уух нь хүртэл аюул юм шүү дээ. Хүүхдэд памперс зүүлгэх нь хүртэл аюул, хэрэв памперс хүүхдийн арьсанд харшил өгвөл яана? Аюулыг үнэлсэнийг Эрсдэл гэнэ. Тиймээс кофе уух аюулын эрсдэлийг үнэлье: Гарч болох хохирол нь хоолой, амаа түлэх, цамцан дээрээ асгаснаар 30,000 төгрөгөөр авсан хайран сайхан цамцаа өмсөж чадахгүйд хүрнэ. Гарч болзошгүй магадлал нь: Миний бодлоор 6 сард 1 удаа буюу хааяа, олон хүн нэг эрсдэл дээр үнэлгээ хийж байх тохиолдолд олны саналын дунджаар явах нь зөв, хүн бүр эрсдэлийн түвшинг өөр өөрөөр үнэлдэг – учир нь хүн бүрийн амьдралын туршлага, мэдлэг, үнэт зүйл өөр өөр шүү дээ.

Ажилтан ажиллагсад аюулыг сайн мэдээллээд, засуулаад ирэхээр “аюул олдохоо болилоо” гэдэг. Гэхдээ бид диваажинд биш, дэлхий дээр амьдарч байгаагаа үргэлж санах хэрэгтэй. Их, бага хэмжээгээр бидний амьдралд хүлээн зөвшөөрсөн олон төрлийн, мянга мянган аюул бий. Машин барих нь аюул мөн үү? мөн. Гагцхүү бид энэхүү аюулын эрсдэлийн түвшинг хүлээн зөвшөөрөөд, байнга хийдэг учраас уг аюулыг өндөр түвшинд анхаарахаа больсонд оршино.

Аюул бий болдог уу? Тийм. Машины дугуйг өвлийн нөхцөлд солиогүй бол цас ороход л тоормозлох зам уртсана. Энэ нь орчин өөрчлөгдсөнөөс үүдэн бол аюулын түвшин нэмэгдэж байгаа хэлбэр билээ.

Аюул хувьсдаг уу? Тийм. Шалан дээр цахилгааны утас байлаа гэж бодъё. Цахилгааны залгуурыг нь салгалаа, хүчдэл байхгүй болсон аюул үгүй боллоо гэж бодож болох ч уг утас маань тээглэх, бүдрэх төрлийн аюул болж хувирсан байна. Хураасан цагт л уг аюулыг үгүй болгож болно.

Шалан дээр байгаа утасны аюулыг арилгалаа, цаана ахиад мянга мянган аюул байна, хаанаас нь эхлэн багасгах/арилгах вэ? 2 төрлийн зам байна. 1-рт хамгийн их хохирол учруулах аюулаас эхэлж болно, эсвэл 2-рт хамгийн их тохиолддог (магадлал ихтэй) аюулаас эхэлж болно. Таны сонголт.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК