Аянгаа бүү дуусгаарай

Аян гэдэг үгийг зурагтаар, интернетээр, хамт ажиллагсадаасаа өдөр тутам сонсдог хэдий ч, харин үр дүн нь хангалттай бус байгааг хараад ер нь аян гэдэг үг ямар утгийг илэрхийлдэг юм бол гэж сониучирхан, интернэтээр эх хэл дээрээ аян гэж юу вэ? хэмээн асуув. Тодорхой хариулт олдсонгүй, харин энд тэнд зохион байгуулагдах/байгуулж байгаа/байгуулсан талаар 465,000 илэрц буюу асар их мэдээлэл гарч ирэв. Тэгээд Англи хэл дээр What is campaign? гэж хайхад “Аян гэдэг нь тодорхой зорилгод чиглэн идэвхтэй, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулахыг хэлдэг юм байна”. Цаг хугацааны хүрээ нь зорилгодоо хүрснээр зогсоно. Аян эхэллээ, дараа нь аян дуусдаг. Аянаас үр өгөөж гараагүй бол өмнөх байдалдаа буцаж ордог. Хэрэв буцаад өмнөх үедээ орох байсан юм бол ингэж цаг хугацаа, хөрөнгө, хүч зарцуулах ямар шаардлагатай гэж? Үр дүн гараагүй бол оролцогчдын сэтгэл зүй унана, ХАБЭА ажилтны үнэлгээ ч цуг унана, Захирал “Би юунд мөнгө зарцуулчихваа?” гэж гайхна. Тиймээс аян эхэлсэн бол, нэгэнт байгууллагын түвшинг дараагийн шатанд аваачих гэж байгаа бол зорилгодоо хүртлээ аянаа бүү дуусгаарай гэж зөвлөх гэсэн юм. Үр дүн гарч байвал яахав 10 жил үргэлжилж л байг.

Хэрэв Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл өмсүүлэх, хэвшүүлэх, Аюулыг мэдээллэх хуудас хэрэглүүлэх, Ажлын байрны үзлэг байнга хийлгүүлэх, Ажилчдынхаа оролцоог сайжруулах гэж байгаа бол 6 сарын өмнө сайтар төлөвлөж, 3 сарын өмнөөс сургалтаа хийж байгаад “... сарын ...-ээс эхлэн ... үйл ажиллагааг тогтмол явуулах боллоо. Хийх хүмүүс ..., зөвлөх хүмүүс ..., манлайлах хүмүүс ... байх болно. Үр дүн ... ийм байна, үүнд хүрэхийн тулд ... шаардлагатай байна” гээд мэдээлэл, зорилт, үр дүнгээ тогтмол хуваалцан, бүгдээрээ хүчин зүтгэх хэрэгтэй.

ХАБЭА-д анхаарах гэж байгаа бол зөвхөн 4-р сард биш бүтэн жилийн турш хийгдэнэ. Олон улсын болон Төрийн байгууллагуудад анхаарах асуудал олон байдаг болохоор аль нэг сард ХАБЭА-г онцгойлон авч үздэг байх. Харин бизнесийн байгууллагын хувьд энэ бол “өдөр тутмын онцгой асуудал”. Ашигтай байх уу? Үгүй юу гэдэг нь энд шийдэгддэг. Осол гараад олсон жаахан ашигаа торгууль, нөхөн төлбөр, хандив тусламж, эмчилгээний төлбөрт зарцуулах нь хэнд ч таагүй.

Бизнесийн байгууллагууд олон улсын болон төрийн байгууллагууд шиг аян зарлаж болно л доо, гэхдээ зорилгодоо хүрээгүй байвал “аян битгий дуусаасай”. ХАБЭА журмыг амьдрал дээр хэрэгжүүлэх, соёлыг бий болгоход хугацаа их авдаг. Жишээ нь: Нэг бүрийн хамгаалах хэрэгслийн асуудал Трансвест дээр 8 жил яригдаж байна, болоогүй, цаашид 20-30 жил яригдах болно. ХАБЭА соёлын элементүүдийг (Манлайлал – Ерөнхий захирал нь ХАБЭА сургалт хийдэг, ХАБЭА-г өндөр түвшинд үнэлдэг, ярьдаг, сануулдаг болох, Оролцоо – Бүх хүн ХАБЭА зөвлөгөө өгч чаддаг байх, Эрсдэлийн удирдлага – Аюулыг үнэлэх, түүнийг осол болохоос нь өмнө засчихдаг байх, Сургалт – Хүмүүс бие биедээ ХАБЭА заадаг) бий болгоход хамгийн багадаа 3 жил авдаг гэдгийг хувийн туршлагаасаа зөвлье, 3 сарын дотор амждаггүй юм. Богино хугацаанд аян зарлахаар бол том зорилго дээр биш жижиг зорилт дээр хийгээрэй, жишээ нь: Ирэх хоёр сарын дотор өвлийн хангамжаа 100% татах, 80 аюулыг мэдээллэх, 20 ажлын байрны үзлэг хийн илэрсэн эрсдэлүүдийг 90%-иас багагүй засах гэдэг ч юм уу...

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК