Шидэхгүй бол 100% алдана - ХАБЭА ТӨСӨВ

Хэд хоногийн өмнө Uncle Drew гэдэг сагсан бөмбөгтэй холбоотой кино үзэж суулаа. Хожлын шидэлт хийх гэтэл эцсийн мөчид киноны гол баатар маань өөртөө эргэлздэг "Хэрвээ би алдчихвал хожигдоно, би чадах уу?, өөр хүн шидсэн нь дээр байх, оруулахгүй бол яах вэ гм...". Гэтэл Uncle Drew-гийн хэлсэн нэг өгүүлбэр зүрхэнд яг хийтэл буув "You miss 100% of the shots you don't take" (Хэрвээ чи шидэхгүй бол 100% алдана). Өөрөөр хэлбэл шидээд үз, ядахдаа орох магадлал 50% өснө, 100% алдсанаас үзээд алдах хэрэгтэй гэсэн утга л даа.

Үүнийг төсөвтэй холбож тухайн үед бодсон юм. Таван Богд Группынхээ ХАБЭА ажилтнуудад Төсөв хэрхэн хийх талаар практик сургалт хийх гээд бэлдэж байсан үе. ХАБ-ууд бид "Захирал зөвшөөрөхгүй бол яах вэ? Арай л хэтэрхий ихээр төсөвлөчихсөн үү? Төсвөө зарцуулж чадахгүй бол яанаа?" гэх мэт эргэлзээнээсээ болоод цөөн хэдэн зүйл бичээд төсвөө батлуулчихдаг. Дараа нь бүтэн жилийн туршид өөрийнхөө хийсэн төсөвт хүлэгдэн, араасаа авч урд хормойгоо нөхсөөр чүү ай онд ордог. 2007 онд би өөрөө тэгж байсан юм, өөрөөсөө хичнээн ичсэн гээч? өөрийгөө хохь чинь л гэсэн. 13хан зүйл бичээд Уурхайн дарга зүгээр үү? гэж асуугаад байхад зүгээрээ гэж даруухан загнаад, бүтэн жил Уурхайн даргын нөөцийн хөрөнгөөс мөнгө гуйж Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, эрсдэлийн бууруулах үйл ажиллагаагаа явуулсан юм даг. Ясандаа хүртэл ойлгосон ойлголт бол: Бүгдийг төсөвлө. Цонхондоо дээр цэцэг байгаа бол савыг нь, хөрсийг нь, үрийг нь, услах усыг нь, бордох бордоог нь тооцоод, сайн төсөвлө.

Хувцас гэхэд 2-ыг ав. Угаалганд өгчихөөр юугаа өмсөх билээ? Ажилчид хувцасаа бохирдууллаа гэхэд ядахдаа солих хувцастай байг. Намайг бага байхад манай сургуульд "ганц өмдөт" гэдэг хочтой жаал байлаа. Хичээлдээ нэг өмдөө л өмсөнө, их өрөвддөг байж билээ.

Үнийн өсөлтийг тооц. Өнгөрсөн 10 хоногт долларын ханш 3,4% өсөв. Өөрөөр хэлбэл импортын каск шилний хувьд дараа жил үнэ өсөхгүй гэсэн баталгаа байхгүй. Хэрэв худалдан авах үнэ ирэх жил өсвөл, таны төсвийн худалдан авах чадвар буурна.

Жилдээ ядахдаа 1 ширхэг ХАБЭА шинэ бүтээгдэхүүн ажилчиддаа олго. 21-р зуун гарсан, шинэ шинэ гоё бүтээгдэхүүн Монголын зах зээлд ороод ирсэн. Ядахдаа HSCT-ээр ороод бусад газрууд юу хэрэглээд байгааг ороод харчих, гоё санаа авна.

Нэгжийн үнээ өсгө. Энэ бол төсвөө нэмэгдүүлэх хамгийн хялбар зам. Төсөвтөө хүлэгдэн 6,000-ийн ядруухан нүдний шил хэрэглэх үү? 12,000-ийн оригналь шил хэрэглэх үү? Та шийднэ. Та муухан шийдвэл ажилчид тийм л зүйл авна. Та сайн шийдвэл ажилчид үр дүнг нь хүртэнэ. Та ажилтан ажиллагсадынхаа дунд нэр хүндтэй байх уу? үгүй юу гэдгээ өөрөө л шийднэ.

Сургалтаа төсөвлө. Өөрөө сурах, Ажилчдаа сургах, хэрвээ боломжтой бол Гадаад дотоод явж галуу шувууны мах идэнгээ ХАБЭА мэргэжлийн ур чадвараараа дээшлүүл /нислэгийн зардал, байр хоолны зардал, сургалтын төлбөр гм-ээ төсөвлөөд оруулаад үз/. Үүнийг та л шийднэ, хэрэв та шидэхгүй бол 100% алдана...

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК