ХАБЭА-н “хүнд суртал”

Хүнд суртал гэдэг үгийг мэддэг гэж боддог ч, тайлбарлах гэтэл “үнэндээ ойлгодоггүй юм байна” гэдгээ мэдэж авав. Тиймээс “хүнд суртал гэж юу вэ? Bureaucracy definition” гэж хоёр хэл дээр гүүгэлдэв. “Зөндөө олон хэлтэс, газартай төрийн байгууллага, шийдвэрийг томилогдсон албан тушаалтан гаргадаг...” тогтолцоог илэрхийлдэг Франц үг юм байна. Уул нь хөөрхий минь тийм ч муу үг биш ажээ, гэхдээ “бөөн бичиг цаас болж байж нэг юм хийх” гэдэг ойлголтын хүрээнд нийтлэлээ үргэлжүүлэн бичихээр шийдэв, ийм утгаар хүнд суртал гэдэг үгийг минь ойлгоорой гэж хүсье.

ХАБЭА-д хүнд суртал үүсдэг үү? Тийм. Аюул арилгахыг ажилчид хүсэхэд ХАБЭА ажилтан нь хойрго заганаад, эсвэл бөөн проблем (мөнгө, хүн хүч, тоног төхөөрөмж, дүрэм журам...) тоочоод эхэлбэл хамгийн эхний шинж тэмдэг ажиглагдана. Нэг дажгүй шинэ санаагаа ажил хэрэг болгохын тулд төлөвлөгөө боловсруулан, журам гаргаад хэрэгжүүлэхэд удаах шинж тэмдэг харагдана – Бөөн бичиг цаас, сургалт хийж хийж “жижигхээн” үр дүн гаргана. Үнэлгээ, аудит хийгээд эсвэл тендерийн ажилд оролцоод ирэхээр дараагийн дараагийн гэх мэтээр үргэлжилдэг юм шиг санагддаг.

Бид ХАБЭА-г хүнд сурталгүй байлгаж болох уу? Бололгүй яахав. Жишээ авья: Нэг хүн “танайх ажлын байрны үзлэг хийх журмаа өгөөч, санаа авья” гэв. Журам байхгүй болохоор “журам алгаа” л гэлээ, тэр хүн гайхаж байна... “ямар замбараагүй газар вэ” гэсэн нүдээр харж билээ. Харин энэ асуудал манай багийн нүдээр бол “хурдан, энгийн бөгөөд ойлгомжтой” байх нь “төлөвлөгөө, журмаа боловсруулан, батлуулж, хэрэгжүүлэх, нэг ажил зохион байгуулах гэж бөөн зардал, бичиг цаас” бий болгохоос илүү амар байсан болохоор “амаар” зохицуулсан билээ. Гүйцэтгэлийн ХАБЭА-н онооны системээр бүх ажилтан маань “13-р сарын бонус цалин” авдаг (авахгүй байх ч тохиолдлууд зөндөө гардаг, бонус гэдэг үгний гол утга нь энд байгаа), үнэнийг хэлэхэд ХАБЭА-н онооны систем дээр ч журам байхгүй, зүгээр л сургалт хийгээд бөглөх хуудсыг нь гаргаж өгсөн, долоо хоног бүр хийгээд хэвшүүлчихээр энэ нь Соёлын түвшинд аажимдаа нэвтрээд шингэчихсэн. Take 5 (Оюу толгойн нэршлээр бол УХААН) хийх тухай журам байхгүй, нөгөө талдаа бол Take 5 хийгээгүй байхад сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байхгүй, гэсэн ч ажилтан ажиллагсадаа уриалж, хийхийг шаардан, туслан, зөвлөн, урамшуулж дэмжсээр байгаад Соёлын хэлбэртээ шингээчихсэн. Галын идэвхтэн/техникч ийм байх ёстой гэдэг журам байхгүй, Захирлаар ганц тушаал гаргуулаад, сургалтыг нь хийж өгөөд, нүүлгэн шилжүүлэх сайн сайн туршлага заасан, нүүлгэн шилжүүлэлтийн сургуулилт болгон дээрээс сайжруулах зүйлээ сайжруулаад л явдаг. Өндөр хэмийн, Гэрээт байгууллагын, Хязгаарлагдмал орчны, Өндөрт ажиллах үедээ бөглөдөг 4 төрлийн зөвшөөрлийн хуудас ашиглаж байна, үүнд ч гэсэн ХАБЭА-н журам байхгүй, манайд байтугай Монгол Улсад ч байхгүй... ХАБЭА-н соёл ийм байх ёстой гэсэн Бодлого байхгүй, ХАБЭА-н Манлайлал гэдэг нэг тийм зүйл шүү гэсэн цаасан дүрэм байхгүй, зүгээр л “Хэн ч хараагүй байхад зөв үйлдлээ хийсээр байдаг хүнийг зөв хүн гэнэ” гэсэн үг хэллэгддэг. Гэртээ бид нар хүүхдүүддээ зориулан ХАБЭА-н журам хэр их бичдэг билээ? эсвэл өөрийн биеэр үлгэр дууриал үзүүлэн, хандлагыг нь өөрчлөх/сайжруулахын тулд бүхий л амьдралынхаа туршид харилцан ярилцаж, хамтран ажилладаг уу?

Заавал Цаас + Захирлын гарын үсэг байсан тохиолдолд ХАБЭА-н ажил явдаг юм бишээ л гэсэн санааг хэлэх гэсэн юм. Жаахан солиотой сонсогдож магадгүй, гэхдээ “дуутай тэнгэр хургүй” гэдэг шиг бөөн юм болж, болж үр дүн гаргахгүй байхаас илүү асуудлыг хурдан эхлүүлээд, яваандаа засаад, хөгжүүлээд явах нь “ихэнх” тохиолдолд (ихэнх гэж хаалтанд хийсэн үгийг анзаараарай, бүх тохиолдолд гэсэн үг биш. Нөгөө талаас нь энэ үгийг харвал зайлшгүй төлөвлөгөө, журмаар явах асуудлууд бас байдаг гэсэн үг) амар юм шиг санагддаг. Жишээ авья: Сэрээт өргөгчид манай автомашинууд мөргүүлэх эрсдэл бий болоод байхаар нь ХАБЭА-н залуус маань 3 сарын өмнө Компанийн автомашины зогсоол хийж билээ – Анхны тусламжийн өрөөндөө өглөө болгон уулздаг уулзалтынхаа 10 минутыг үүнд зориулж, тойрч сууж байгаад л, тал талаасаа инээж ханиан санаагаа нэгтгээд, нэгэндээ “амаар” үүрэг болгоод өгсөн. Багийн гишүүд маань зөндөө санаа нэмэрлэсэн, миний хувьд ганц зүйл л хэлсэн “Баян айлын хүүхэд шиг хийгээрэй” – Цаад агуулга нь машины зогсоолоо ахиухан бөгөөд багтаамжтай хийгээрэй л гэсэн үг + Багтаамжтай гэдэг нь зогсоолын зураасыг Приус-д биш Бандгар жипэнд зориулан өргөн зураарай л гэсэн үг. Тэр залуу маань бусад хэлтсээс нэмэлт хүч авч байгаад, менежмент хийгээд л зогсоолын талбайг бий болгов. Миний хувьд уг зогсоолд машинуудаа тавих Захиргааны газрын даргатай 30 секунд уулзаад л “Төв оффисийн үүдэнд ямар ч машин зогсоохгүй боллоо, жолооч нартаа хэлчихээрэй, зогсоолын талбай бэлэн болчихсон, баруун талын 2 зогсоолд ажилчдын автобус зогсоно”... Гэтэл жижиг асуудал гарав – Автомашинууд зөвхөн ухарч байрлуулах тухай тэмдэг тавьчихсан тул жолооч нар ухарч байгаад хойд талын зүлэг рүү орчих гээд байв. Өглөөний бяцхан уулзалт дээр асуудлыг тавьлаа, нэг маань резинен тулгуурыг машинуудын хойд дугуйны чигт тааруулан цементэн талбайд суурилуулж өгөх шийдэл гаргав, багийн өөр нэг гишүүн маань бэлэн мөнгийг нь шийдүүлээд өгөв. 3 хоногийн дараа бэлэн. Хэсэг хугацааны дараа нөгөө зогсоол дээр дахиад жижиг асуудал гарав, өвөл болов, тусгаарлагч зураасууд цасанд дарагдаад харагдахгүй болов. Конус худалдан аваад тавилаа... Дахиад асуудал гарав, өөр нэг түрээслэгч компани хажууд ирснээр тэдний ажилчдын машинууд манай талбайд паркалдаг болов... ингээд л жижгээр эхлээд, хөгжүүлээд явдаг (lean start up) гэсэн үг. Хэрэв энэ зогсоолыг бий болгох асуудал дээр захирлын тушаал гаргуулаад, журам бичээд, ажилчиддаа сургалт хийгээд, хяналт тавиад, асуудал гарах болгонд нь батлагдсан журмаа сайжруулаад явбал хэр их цаг, хөдөлмөр, санхүү авах байсныг бүү мэдээ... Худалч хүнд ХАБЭА-н ажилтан нь Зогсоолын цагдаа хийчихсэн явахыг ч байг гэх газаргүй.

ХАБЭА-н бүх зүйлийг хүнд сурталгүй болгохын тулд “журам хийхгүй байх” гэсэн үг биш шүү, ялгаж салгаж ойлгоорой. Манайд 17 бодлого, 18 дүрэм, 68 аюулгүй ажиллагааны журам байдаг, гэхдээ үүнийгээ шаардлагагүй тохиодолд нэмэгдүүлэхгүй байх бодлогыг ХАБЭА-н ажилтнууд баримталдаг.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК