Согтуурлын зэрэг ба түвшин

BAC or BrAC? Percent or Per mille?

Цусан дахь спиртийн агууламж уу эсвэл Амьсгал дахь спиртийн агууламж уу, мөн тэдгээрийн хэмжих нэгжтэй холбоотой буруу ойлголт, үл ойлголцол ихээхэн гардаг. Иймээс та бүхэнд энэ талаар товчхон мэдээлэл өгөхийг хүслээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг доорх 3 төрлөөр шалгаж болно. 
1. BAC test (Blood Alcohol Concentration) буюу Цусан дахь спиртийн агууламж шалгах нь хамгийн нарийвчлалтай, хамгийн найдвартай арга. Цусан дахь спиртийн агууламжийг шалгахын тулд цусны сорьцыг зориулалтын хуруу шилэнд авч лабораторид шинжилнэ. Монгол улсад Цуснаас сорьц авахдаа “Хураагуур судас хатгаж, шинжилгээнд цус авах” түгээмэл үйлдлийн MNS-4621:2008 стандартыг баримталж ажиллана.
2. BrAC test (Breath Alcohol Concentration) буюу Амьсгал дахь спиртийн агууламжийг шалгах нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Энгийнээр хэлвэл “Үлээлгэх” арга. Зориулалтын тестер ашиглана. 
3. Шээсний шинжилгээ. Цус болон амьсгал дахь спиртийн агууламжийг шалгах боломжгүй тохиолдолд шээсний шинжилгээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоож болно. Шээсний шинжилгээ нь дээрх 2-ыг бодвол үр дүн муутай, нарийвчлал багатай (их эсвэл бага) заадаг.

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй ихэнхи ААНБ-ууд BrAC test (Breath Alcohol Concentration) буюу Амьсгал дахь спиртийн агууламжийг шалгах аргаар согтуурулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоодог. Гэвч зарим байгууллагууд Амьсгал дах спиртийн агууламжийг шалгаж буй мөртлөө Цусан дах спиртийн агууламж гэж буруу ярьдаг. Энэ хоёр ялгаатай бөгөөд үр дүн нь ч өөр өөр гарна гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу.

Замын цагдаа нар жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН Дугаар А/138, А/131 ТУШААЛ (2016 оны 4-р сарын 25-ны өдөр)-ын хавсралт “ЖОЛООЧ СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ ТОГТООХ ЖУРАМ”-ын дагуу хийж гүйцэтгэдэг. 
Замын цагдаагийн хувьд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан дээрх 3 аргыг бүгдийг нь хэрэглэдэг. Жишээ нь, осолд орсон хүн тухайн үед ухаан алдсан байвал үлээлгэж шалгах боломжгүй учир согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг цус эсвэл шээсний шинжилгээ авах аргаар Шүүхийн шинжилгээний байгууллагаар тодорхойлуулдаг. Өдөр тутамд жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхэд хяналт хийхдээ “үлээлгэж” буюу Амьсгал дахь спиртийн агууламжийг шалгадаг. Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ. Эндээс та бүхэн амьсгал дахь спиртийн агууламж, цусан дахь спиртийн агууламжийн ялгааг мөн анзаарч харсан байх.

Хэмжих нэгжийн хувьд мөн олон янз байдаг. Эзлэхүүнээр эсвэл массаар гэх мэт. Хэмжих нэгж нь улс бүрт ялгаатай байдаг. Манай улсад эзлэхүүнд эзлэх хувиар (percent by volume) буюу грамм/миллилитр (g/mL)-ээр хэмждэг. Жишээ нь, Замын цагдаа шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о) байвал согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ. 0,20 промиль (%о) -ийг хувь руу шилжүүлвэл 0.02 % гэсэн үг.

1% (1 percent буюу хувь) = 1/100 g/mL (100 миллилитр амьсгалд 1 грамм спирт агуулагдаж байна)
1%о (1 per mille буюу промиль) = 1/1000 g/mL (1000 миллилитр амьсгалд 1 грамм спирт агуулагдаж байна)

Хэмжих нэгжтэй холбоотой гардаг түгээмэл алдаа дутагдал нь байгууллагууд ямар ч хамаагүй амьсгал дахь спиртийн агууламжийг шалгадаг багаж худалдаж авч хэрэглэдэг бөгөөд уг багаж нь хувиар зааж байна уу, промильээр зааж байна уу гэх зэргээр ямар нэгж, хэмжигдэхүүнээр зааж байгаа гэдгийг анхааралгүй орхидог. Жишээ болгож хэлэхэд, Согтууруулах ундааны тухай журам дээрээ амьсгал дахь спиртийн агууламж 0.05%-иас бага байвал эцсийн сануулга өгөх, их байвал ажлаас халах зэргээр тусгаж оруулдаг. Харин шалгах багаж нь хэрэв хувиар биш промиль-ээр зааж байвал, шалгаж үзэхэд дэлгэцэн дээр нь жишээ нь 0.2%о гэх мэтээр гарч ирнэ. Үүнийг шалгаж буй хүмүүс промиль гэж мэдэлгүй, анзааралгүйгээр хувиар бодож журам дээрээ заасан 0.05%-иас их байна, бүхэл гарсан байна гэж үзэн ажлаас халах тохиолдол гарч болдог. Үнэндээ бол 0.2%о гэж зааж байвал 0.02% гэсэн үг юм. (Энэ бол зүгээр жишээ, кэйс шүү.) 
Жишээ 2, доорх зурган дээр адилхан багаж мөртлөө хэмжих нэгж нь өөр байна. Тэмдэгийг нь анзааралгүй харвал 0.26 > 0.088 гэж харагдавч шилжүүлээд үзвэл 0.26=0.026 < 0.088 байгаа биз.

Мэдээж байгууллагууд ажилчдын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах эсэх, амьсгал дахь спиртийн агууламж хэдэн хувь байвал ажлаас халах, эсвэл сануулга өгөх зэргийг өөрсдийн дотоод журмын дагуу шийднэ. Хамгийн гол нь согтууруулах ундааны тухай журам дээрээ Цусан дахь спиртийн агууламж гэх үү, Амьсгал дахь спиртийн агууламж гэх үү, мөн амьсгал дахь спиртийн агууламжийг шалгах багаж болон түүний заалтуудын талаар, хэмжих нэгжийн талаар маш сайн анхаарах хэрэгтэй шүү.

М.Бек, MSM