Өлсгөлөн байгаарай

Энэ мэргэжлээр ажлын гараагаа эхэлж байгаа залуусдаа захихад мэргэжилдээ хайртай, үүнийхээ талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг “өлсгөлөн” байгаарай гэж захия.

Өлсгөлөн байдал гэж юу вэ? Физиологийн үүднээс тайлбарлавал үргэлж ходоод нь хонхолзож, идэх юм хайж явдаг хүнийг хэлнэ. 15 жилийн өмнө миний үе оюутан байхад бид үргэлж л сайхан байгаагүй ээ, одоо бодоход дандаа л өлсгөлөн байж билээ. 80 төгрөгний гөөхий идвэл их юм, оройдоо автобусны мөнгөгүй байвал ШУТИС-ээс 1-р хороолол хүртэл 5 км алхахад яг 1 цаг зарцуулдаг байж билээ. Ирээдүйд ажил хийж, цалин аваад хангалттай их гөөхий иднэ дээ гэсэн бодолдоо хөтлөгдөн, их сургуулиас ихийг сурахаар эрмэлздэг байж билээ хэ хэ. Үүнд буруу зүйл байхгүй, яахав инээдтэй жижиг зорилго ч байсан хүнийг юм сурахын тулд хөдөлгөж л байвал зөв зорилго юм. Гэвч биеийн өлсгөлөн байдлыг даван туулж болно, харин оюуны өлсгөлөн байдлыг дотроо бий болгох хэцүү.

Оюуны өлсгөлөн байдал гэж юу вэ? Илүү ихийг мэдэхийг хүсэх тэмүүлэл, хандлага юм. Амьдрал бол баялаг, зарим үед багшаасаа (ажил дээр удирдлагаасаа), багш байхгүй бол өөрөө хийж, алдаж, алдаанаасаа суралцсаар мэргэжилтэн болдог. Аливаа зүйлийг хялбарчлах гэж бүү оролдож байгаарай, туршлага бол урт хугацаанд өөрийн хийсэн ажлуудаас, амжилтуудаас, алдаануудаас бий болж, хувь хүнд хуримтлагддаг. Жишээ нь: Ширээ хийе, та 10 жил ширээний 4 хөлийг янз бүрээр харуулдаж, будаж, цавчиж үзэхэд танд дадал, туршлага, гоё ширээ хийж болохгүй олон мянган алдаа, буруу болон зөв арга барилыг мэдэж авах болно. Ширээг яаж хийхийг мэргэжлийн мужаанаар заалгаж болох ч та өөрийн биеэр хийж үзээгүй цагт хэзээ ч мужаан болж чадахгүй. Сайн мужаан болохын тулд танд сайн ширээ хийх юмсан гэдэг өлсгөлөн байдал хэрэгтэй. Өлсгөлөн байдал байхгүй бол хүсэл тэмүүлэл төрөхгүй. Хүсэл тэмүүлэл үгүй бол амжилтанд хүрэх боломж бага. Амжилт бол хувь хүний хандлагаас хамаардгаас биш багшаас болон орчноос хамаардаггүй зүйл билээ.

Өлсгөлөн байдлыг хэрхэн өөртөө бий болгох вэ?

Өөртөө хүсэл төрүүлэх хэрэгтэй. Та зөвхөн өөрийгөө ятгаж чадна, өөр хэн ч чадахгүй. Чухам яаж, хэрхэн гэдгийг та өөрөө л мэднэ, би зааж чадахгүй. Жишээ өгөхөд миний хувьд Жон Камерон гэдэг хүнийг хараад, түүнээс үлгэр жишээ авч, хэзээ нэгэн цагт түүн шиг болно гэдэг зорилт тавин, мэргэжилдээ дурлах өлсгөлөн байдлаа бий болгож байлаа. 
Зарим хүн хамгийн шилдэг нь болох ёстой гэж өөртөө зорилго тавьдаг, ингэж ч болно. Та өөртөө оюуны өлсгөлөн байдлыг бий болгож байвал ямар ч зорилго тавьж болно, энэ зорилго таныг өөрийгөө хөгжүүлэхэд хөтөлж байвал зөв зорилго юм.
Мөнгө ч бас хүний өлсгөлөн байдлыг бий болгодог шүү дээ, үүнд буруу зүйл үгүй. ХАБЭА зөвлөгөө өгдөг сайн компани байгуулья, мөнгө ольё гэсэн зорилго тухайн хүнийг хөдөлгөж байвал бас л зөв.

Цатгалдвал яах вэ?

Мэдээж хүрсэн амжилтандаа сэтгэл ханаж, цадах үе хүнд ирдэг. Яг л гоё хоол идчихээд, дээшээ харан орон дээрээ хэвтэх тэр мэдрэмж. Биеийн өлсгөлөн хоолны шингэсний дараа дахин ирдэг бол оюуны өлсгөлөн цадсаны дараа дахин ирдэггүй. Өөрөөр хэлбэл хүн өөрийн хүрсэн түвшиндээ сэтгэл ханавал өөрийгөө хөгжүүлэхээ зогсоочихдог. Яг л Англи хэл сураад нэг түвшин дээр олон жил гацчихдаг шиг... Энэ үед та дараагийнхаа зорилгыг бий болгон, ахин өөртөө илүү ихийг хийх, мэдэх өлсгөлөнг бий болгох шаардлагатай, харамсалтай нь анхны өлсгөлөн байдал шиг гайхамшигтай эрч хүчтэй байдаггүйг анхаараарай.

Би ч бас заримдаа өөрөөсөө асуудаг: - Би яагаад 10 жилийн өмнөх шигээ оюун санаагаараа өлсгөлөн байж чадахгүй байнаа? Яаж өөрийгөө дахин өлсгөж, илүү ихийг мэдэх, бясалгах эрч хүчээ олж авах вэ? Өлсгөлөн байдлаа бий болгохын тулд өдөр бүр өөрөөсөө асуулт асууж, хариулт олохыг хичээж л явна. Жишээ нь: Өнөөдөр тавьсан Их Британийн Батлан хамгаалах яам яагаад ХАБЭА-н тухай хуулийг чанга гэж дүгнэв? ХАБЭА-н хууль чанга байх нь эргээд эдний нийгэмд ямар нөлөөлөл үзүүлэх вэ? Их Британийн ХАБЭА-н дүрэм журам үнэхээр тийм чанга уу /бусад оронтой харьцуулахад/? Гэтэл ийм чанга байхад хичнээн осол гарав? Яагаад үр дүнд хүрч байна уу? Эсвэл тодорхой үр дүн үзүүлчихээд үйлчилгээ нь зогсчихов уу /хууль батлагдсан 1976 оноос хойших ослын график судалгааг харах хэрэгтэй/? Хэрэв тийм бол дараа нь ямар арга хэмжээ авбал зохистой вэ? энэ асуудал дээр өөр орны туршлага байна уу? олон олон асуултыг асууж хариуг нь олохоор одоо 21:00 цагт интернетийнхээ өмнө сууж л байна даа, жаахан юм олоод уншчихвал цадах ч юм билүү...

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК