Надад мөрөөдөл бий “Осолгүй ажлын байр”

1963 онд Мартин Лютер Кинг арьс өнгөний үзлийн эсрэг “Надад мөрөөдөл бий” гэж алдарт илтгэлээ тавьж байж билээ. 51 жилийн дараа харахад тэр хүн өнөөдрийг харж байсан мэт. Түүн шиг “хүн гэмтэхгүй ажиллах цаг ирнэ” гэдэгт би итгэдэг. Өнөөдөр хэдийгээр бид нугачаатай замаар харанхуй шөнө бүдчин явж байгаа хэдий ч бидний мэдсэн, бүтээсэн бүхэн хойч үед маань үлдэж, тэд бидний өнөөдөр зассан замаар өдрийн гэрэлд, дардан замаар ажлаа хийнэ гэдгийг ч мэдэж байна. Бүдрээд унах шахахдаа бид шинэ зүйлийг сурдаг, сурсан зүйлээ харин бусаддаа мэдэгдэж байх хэрэгтэй, учир нь хойч үе маань энэ чулуунд бүү бүдрэг.

ХАБЭА-д хийх ажил болон саад бэрхшээл их бий, гэхдээ үүнийг нөгөө талаас нь харвал хүнийг хүчтэй болгох гэж тавьсан дасгал ч юм шиг. Дасгалаас дасгалын хооронд дадлагажсаар та улам хүчтэй, өөртөө итгэлтэй, даруу нэгэн болж төлөвшинө. Тиймээс саад бэрхшээлээс бүү ай, тэр бол таныг хүчтэй болгодог зүйл юм.

ХАБЭА-н шинжлэх ухаан Математик шиг 2+2=4 гэж яг таг тодорхой болоогүй байна, учир нь ХАБЭА бол хүний соёл, сэтгэл зүйтэй холбоотой нарийн ажил юм. Сэтгэл зүйчид хүртэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс яагаад өөр сэтгэдэг, гэр бүлд гардаг маргааныг хүртэл таслан зогсоодог мундаг зөвлөгөө бодож олоогүй л байна. Дэлхийн бүх ХАБЭА-н ажилтнууд ч бас яг яаж хийвэл хүн амь нас, эрүүл мэндээ алдахгүй ажиллах вэ? гэдэг арга барилаа олоогүй, хайж л байна, та бид тэдний л нэг. Харин энэ аргыг олно гэдэгтээ итгэх нь чухал, хэрэв итгэл байхгүй бол хүн юуг ч бүтээж чадахгүй. 5000 жилийн өмнө барьж чадна гэдэгтээ Фараон итгээгүй бол Пирамид ч босохгүй байсан юм.

Итгэлээс гадна бидний хамгийн түгээмэл гаргадаг 2 алдаанаас холуур яваарай:
1. ХАБЭА-н мэргэжилтнүүддээ зөвлөхөд яагаад ХАБЭА удирдлагын тогтолцоо хэрэгжихгүй байгаагийн шалтгааныг өөрөөсөө хайх хэрэгтэй. Хатуу боловч үнэн үг, учир нь ХАБЭА мэдэхгүй хүмүүсийг сургах, тэдэнд зөвлөх нь бидний үүрэг байдаг. Харин хүмүүсийн өмнөөс аюулгүй байдлыг нь хангуулна гэвэл бүтэхгүй зүйл болохыг эртхэн анхааруулья, учир нь зам хөндлөн улаан гэрлээр гарах шийдвэр хэн гаргадаг билээ? Өндрийн бүсээ зүүх эсвэл эс зүүх сонголтыг хэн хийдэг билээ? Та ажилчин нэг бүртэй 24 цаг 7 хоног хамт байж чадах билүү? Хариулт нь: ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, ХАБЭА-н СОЁЛ ганцхан таниас хамаарахгүй, танай байгууллагын хүн бүрийн оролцоо шаардлагатай. Өөрөөр хэлбэл ослыг та ганцаараа зогсоож чадахгүй, харин бүгд амь нас, эрүүл мэндээ дээдэлж хүмүүс аюулгүй байх зөв сонголт хийж чаддаг болсон үедээ ослыг үгүй болгож болно.
2. Заримдаа ХАБЭА-хан бид хяналтын байцаагч шиг болчихсон, хүмүүсийг дүрэм, журам, ажлаар халагдах айдсаар хүлж байдаг. Гэхдээ надад сонголт байсан “Цагдаа шиг байх уу? Зөвлөх шиг ажиллах уу?”. Сүүлийн 10 жилд миний ойлгосон ганц зүйл бол хүмүүст амь насных нь үнэ цэнэ, гэр бүлийнхээ өмнө хүлээж байгаа үүрэг, ирээдүйн сайн сайханд эрхтэн бүтэн, эрүүл байснаар хүрч болно гэдгийг ойлгуулж, хүмүүсийг сайн дураар нь ХАБЭА-н ажилд оролцуулбал илүү үр дүнтэй байдаг юм байна гэдгийг л мэдсэн. Харин хяналтыг нь ахлах ажилтанд нь өгсөн, хэрэв ахлах ажилтан бүтээмж гаргахыг хүсвэл бүх хүмүүсээ эрүүл энх байлгаж, ажлын цагт бүрэн ажиллуулах ёстой, ингэхийн тулд ахлах ажилтан өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлж, хамт олноо удирддаг юм байна. Харин яаж удирдахыг нь ХАБЭА-н ажилтан зааж өгнө. Хамгийн наад зах нь бүх хүмүүстээ малгай өмсгөхийг хүсвэл ахлах ажилтан нь өөрөө эхлээд өмсөх ёстой, тэгээд хүмүүстээ хяналт тавь... архи уулгахгүй байхыг хүсвэл ахлах ажилтан өөрөө эхлээд Драгер үлээж, бусдыгаа манлайлах ёстой... гээд л

8 жилийн өмнө миний яаж бухимддаг байсныг та төсөөлж байгаа байх, яг л өнөөдрийн тан шиг. Харин тэр үед ХАБЭА-н талаар ярилцчихаар хүмүүс, Facebook байдаггүй байлаа. Өөрийнхөө мэдлэггүй байгаад гутраад, дургүй хүрч, шар хөдлөхдөө ганц хоёр мэддэг Англи үгээ ашиглан интернэтээс яаж хийх аргачлал, хэрэгтэй материалаа хайгаад л... ХАБЭА гэхээр хэн ч тоохгүй, ярилцах ч хүнгүй, далай дотор ганцаар орилж байгаа Немо шиг байж дээ. Харин өнөөдөр сайхан болжээ, 8 жилд ингэж сайхан болж байхад, ирээдүйд бүр ч сайхан болно гэдэгт итгэж байна. Ирэх 50 жилд улам сайхан болноо, харин тэр ирээдүй өнөөдөр бидний хийж байгаа зүйл дээр босно. Тиймээс шантрах хэрэггүй, бас дээр нь та ганцаараа биш, мөн өөрийгөө "зөвхөн Монголдоо" гэж бүү хүлээрэй, илүү их мэдлэг, туршлага руу тэмүүл, бас хуваалц. Миний хувьд 4.6 тэрбум жилийн настай энэ дэлхийд 80хан жил амьдрахдаа хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл ханаж хорвоог орхихсон гэж боддог. Одоо 50хан жил үлдэж хэ хэ...
Хэрвээ бурхан надаас чи ертөнцөд юу бүтээсэн бэ? гэвэл би “таны бүтээсэн хүнийг хамгаалсан юмаа” гэж хэлнэ.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК