Хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн? Хувийн Хамгаалах Хэрэгсэл?

2008 оны 5-р сарын 22-нд Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн (ХАБЭА) тухай хуулиа бид өлгийдэн авч билээ. Түүх өгүүлэхэд нь 1999 оны 5-р сарын 14-нд хүчин төгөлдөр болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 6-р бүлгийг салган авч дэлгэрүүлсэн юм.

ХАБЭА-н тухай хуулийн 3-р зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолтонд:
3.1.1.“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг;…
3.1.12.”нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;... хэмээн оруулж өгсөн байдаг.

ХАБЭА хуулиа мэдэхгүй, уншаагүй, ойлгоогүй юм болов уу гэж бодогдохоор “хөдөлмөр хамгаалал, хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн эсвэл хувийн хамгаалах хэрэгсэл” хэмээн ярьж, бичиж яваа хүмүүсийг харвал сайтар тайлбарлан өгч байгаарай. Манай салбарыг мэдэхгүй хүн ингэж ярьж байвал ойлгоно, харин ХАБЭА-н чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, сургагч, ажилтнууд ингэж ярих нь буруу юм. Жич: MNS4967:2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Эрүүл ахуй. Нэр томьёо, тодорхойлолт” стандарт дээр ХХХ гэсэн байдаг, стандартыг баримталж байна гэж тайлбарлах хүнтэй таарч явлаа. Хариулт №1: Хуулийг баримтлах нь зөв үү? Стандартыг баримтлах нь зөв үү? Хариулт: Хууль 2008 онд батлагдсан бөгөөд 2015 оны 5-р сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, харин стандарт маань 2000 оных. Аливаа ухагдахуун ойлголтууд цаг хугацааны явцад хөгжиж баяждаг. 2017 оны Зөрчлийн хууль надад хамаагүй, 2000 онд замын хөдөлгөөний дүрэм ийм байсан гээд жолоо барьж байгаа хүнээс ялгаа юу байна.

Охране труда, Labor protection гэдэг үг хэллэг ОХУ, БНХАУ-д (хуучны Соц орнуудад) түгээмэл ашиглагддаг, гэхдээ олон улсын түвшинд Occupational/Workplace Safety гэж ашиглагдаад удаж байна. Сингапур, Солонгос, Малайз, Япон, АНУ, Австрали, Европын орнууд, Энэтхэг, Саудын Арабт очоод Labor protection гэж яривал таныг ойлгохгүй, та буруу хуралд ирчихсэн юм шиг байнаа гээд гаргаж магадгүй.

ХАБЭА салбарынхаа эх хуулийг хүндэтгэн, дотоод гадаадын улстай “нэг хэлээр” ойлголцохын тулд бид өөрсдөөсөө л эхэлнэ.

Б.Ганжигүүр

HSCT ХХК