Эрүүл ахуйн ажилтныг ажиллуулах журам

Эрүүл мэндийн сайдын

2018 оны 04 сарын 16 -ны өдрийн

А/142 дугаар тушаалын хавсралт

 

ЭРҮҮЛ АХУЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНЫГ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж нь эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтанг /цаашид “Ажилтан” гэнэ/ ажиллуулах болон ажиллагсад, үйлчлүүлэгчийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, суралцах, үйлчилгээ авах эрхийг хангах, халдвaрт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хоёр. Байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх эрх, үүрэг

2.1.Үйлдвэр, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж нь 50 ба түүнээс дээш ажиллагсадтай бол эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллуулна.

2.2.Ажилтан нь эрүүл ахуйч (нийгмийн эрүүл мэнд судлалч)  мэргэжилтэй, эрүүл ахуйн төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байна.

Гурав. Эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны эрх, үүрэг

3.1.Ажилтан нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана:

3.1.1.Эрүүл ахуйн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан тушаал, заавар, журам, аргачлал, стандартын хэрэгжилтийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;

3.1.2.Байгууллагын гадаад, дотоод орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах, халдвaрт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, санамжийг гаргах;

3.1.3.Ажиллагсдад өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, мэдлэг, мэдээллээр хангах, дадал хандлагыг төлөвшүүлэх ажлыг  зохион байгуулах;

3.1.4.Ажиллагсдын эрүүл мэндэд эрсдэлтэй хүчин зүйлийг судлан тогтоож, нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал бүртгэгдсэн тохиолдолд зохих журмын дагуу мэдээлэх, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх;

3.1.5.Эрүүл мэндийн анхны болон яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаж ажиллах;

3.1.6.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу ажиллагсдыг хугацаат болон урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;

3.1.7.Ажиллагсад болон үйлчлүүлэгч нарт зориулсан ариун цэврийн байгууламж, ундны ус, хоол хүнсний аюулгүй байдал, ажлын байр болон ажиллагсдын ахуйн зориулалттай түр барилгын эрүүл ахуйн нөхцөл, шаардлагад хяналт тавих;

3.1.8.Үйлдвэр, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрыг хог хаягдал, тогтоол ус, цас, мөсгүй байлгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгахад хяналт тавих.

Дөрөв. Бусад

4.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах нормативыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмаар зохицуулна.

---оОо---