Хүний хэрэгцээний онол

1943 онд АНУ-ын сэтгэл зүйч Абрахам Маслов өөрийн “Хүнийг хөдөлгөгч хүчний онол” номондоо анх хүний анхаардаг үндсэн хэрэгцээний тогтолцоог анх гарган иржээ.

1. Биологийн (бие махбодийн) хэрэгцээ – Хэрэв уг хэрэгцээ хангагдахгүй бол хүний бие махбодь ажиллахаа больж эхэлдэг. Тиймээс хүн хамгийн түрүүнд энэ асуудалд анхаардаг. Үүнд: амьсгалах, унтах, идэх, бэлгийн харилцаа зэрэг элементүүд орно.
2. Аюулгүй байдлын хэрэгцээ – Биологийн хэрэгцээ хангагдасны дараа хүн аюулгүй байдалдаа анхаарч эхэлдэг. Дайн, байгалийн гамшгийн нөхцөлд амьд үлдэх, гэр бүлийн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, ажилгүйдэлд өртөхгүй байх, олон жилээр ажил хийж санхүүгийн орлоготой байх, ажлаа алдахгүй байх гм... Үүнийг дотор нь ангилбал хувь хүний аюулгүй байдал, санхүүгийн хамгаалалт, эрүүл мэндийн аюулгүй байдал, осол гэмтэлд өртөхгүй байх гэж хувааж болно.
3. Хайр болон сүрэглэх хэрэгцээ – Биологийн болон аюулгүй байдлын хэрэгцээ хангагдахад бусадтайгаар харилцаанд орж өөрийн гэх хүрээллийг бий болгож эхэлнэ. Нөхөрлөл, Үерхэл, Гэр бүл гэх мэт. Хүн сүрэглэн амьдардаг бөгөөд том жижиг бүлгүүдэд харьяалагдан оршдог. Том бүлгийн жишээ гэвэл ажлын хамт олон, сонирхлоороо нэгдсэн клуб эсвэл группынхэн, улс, хот, аймгийнхан гм... Жижиг бүлгүүд: гэр бүл, хамаатан садан, найзууд...
4. Нэр хүндийн хэрэгцээ – 3-р хэрэгцээ хангагдах үед хүн бүрт энэ хэрэгцээ бий болдог. Сүргийн дотор хүн өөрийгөө хүндэтгэх, бусдаар хүндэтгүүлэхийг хүсдэг. Энэ нь ажил мэргэжилдээ мэргэших, өөрийн сайн чаддаг давуу талаараа олонд танигдах хүслийг бий болгодог.
5. Өөрийгөө таних – Хэн болохыг хүснэ, тийм л хүн болно. Өөрөөр хэлбэл өөрийн боломж бололцоог нээхийг оролдон, дайчилж, сонирхсон зүйлээ бий (бодит) болгохыг хүсдэг. Жишээ нь: сайн тамирчин болохоор зүтгэх, хөгжимчин болохоор хөдөлмөрлөх, зарим нь зохион бүтээгч болохыг хүсч шинээр санаа хайн, өөрийгөө хөгжүүлж эхэлдэг. Дээрхи 4 хэрэгцээ хангагдахын цагт хүн би хэн бэ? гэдгийг таних шаардлага тулгардаг ажээ.

Хүн хүүхэд ахуй үеэсээ насанд хүрч, хөдөлмөрийн насанд хүрэх үедээ 2-р хэрэгцээгээ олон янзаар бусдаар (эцэг эх, найз нөхөд, нийгэм – цагдаа, цэрэг, багш, эмч) хангуулж, үүнээс суралцсаар ирсэн байх нь. Халуун цайнд хэлээ түлээд, халуунаар нь ууж болохгүй юм байна гэдэг хамгаалалтын зөн совинтой болно, өвлийн хүйтэнд чихээ хөлдөөгөөд малгай өмсөх ёстой гэдэг ойлголт авна, хурдан гүйж байгаад өвдгөө шалбалаад дахиад ингэж хурдан гүйж болохгүй сургамж авах гэх мэт... Та бусдыг аюулгүй байдлын талаар мэдлэггүй гэж бүү голоорой, хүн бүрт тодорхой хэмжээгээр байгалиас заяагдсан “өөрийгөө хамгаалах зөв совин, чадвар” байдаг бөгөөд амьдралаас их туршлага суусан байдаг. Тэгэхээр бид 2-р үндсэн хэрэгцээгээ ажлын аюултай орчинд хэрхэн хангах вэ гэдгийг бусдад сургадаг, төлөвшүүлдэг байх нь.

Хүмүүст өөрийгөө хамгаалах ур чадвар байна, харин би түүнийг нь яаж ашиглан байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг бий болгох ХАБЭА-н тогтолцоог барьж байгуулах вэ?

Англи хэлнээс уншаад, орчуулаад, өөрийн бодлоо оруулсан болохоор үсгийн болон утгийн алдаа байвал уучлаарай.

Эх сурвалж: 

1. https://en.wikipedia.org/wiki/Maslow%27s_hierarchy_of_needs

2. http://www.simplypsychology.org/maslow.html

Орчуулж, нийтлэл нэмж бичсэн: Б.Ганжигүүр, HSCT ХХК