Олон улсад ХАБЭА-н ажилтан, менежерээр ажиллахад танд ямар сертификат хэрэгтэй вэ?

Энэ талаар сүүлийн 10 хоног судалж үзлээ. 80 гаруй нэр томьёо, асар олон сертификат оллоо. За тэгэхээр нь судалгаагаа нөгөө өнцөгөөс нь хараад Ажил олгогчоос ХАБЭА-н мэргэжилтнүүдэд ямар шаардлага тавьж байгааг LinkedIn, Indeed, Infomine, Seek.com.au-гаас харав.

Хэрэв та Хойд Америкт ажиллахаар бол танд АНУ-ын Board of Certified Safety Professionals байгууллагаас олгодог Certified Safety Professional гэдэг сертификат хэрэгтэй бөгөөд мөн тус байгууллагаас барилга, хүнс, уул уурхай, хөдөлмөрийн эрүүл ахуйчдад зориулсан өөр олон сертификат олгодог юм байна. 5 хоногийн сургалтанд суугаад авч болох уу гэж үү? Хариулт нь үгүй. Тэд таны өргөдөл, ажилласан туршлага, мэргэжил, мэргэжлээ дээшлүүлсэн байдал зэрэгт судалгаа хийн, шалгалт авсны дараа уг сертификатыг өгдөг юм байна. Бүх үнийг нь оруулаад 1,115 доллар болох нь. Харамсалтай Монголд энэ үйлчилгээг авах газар алга. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.bcsp.org/7steps

Хэрэв их Их Британи, Европ болон зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнод зэрэг бүсүүдэд ажиллах хүсэлтэй бол танд Их Британийн NEBOSH сертификат хэрэгтэй болох нь. Уг бүсийн ажил олгогчид ийм сертификаттай хүнийг ажилд авна гэсэн байх юм. Нийт сургалт 14-16 хоног. Тестийг Их Британи руу явуулж засуулаад, 40%-иас дээш авсан тохиодолд тэнцсэнд тооцдог, овоо хатуу шалгалт юм байна. За бараг IELTS, TOEFL маягийн юм уу даа. Үнийг хувьд хамгийн хямд нь Сингапурт 3000 ам.доллар. Австралийн Sustainability компанийн Монгол дахь салбар үүнийг Монголд дахин хийхээр (өмнө нь 2013 оны 5-р сард зохиогдон 9 хүн оролцсон) төлөвлөж байсан ч оролцогчид бага гэдэг үүднээс больсон дуулдсан. Хэрэв үнэн бол Монголд байгаа бусад Сургалтын төвүүд маань NEBOSH-ийг Монголд оруулж ирэхээр ажиллаасай. Энэ бол миний хувьд нилээд сонирхол татдаг Сертификат байгаа юм, хэзээ нэгэн өдөр авна даа.

Хэрэв та Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн бүс нутагт ХАБЭА-н ажилтнаар ажиллахыг хүсвэл Австралийн Cert IV in Occupational Health and Safety сертификат танд хэрэгтэй. Үүнийг Монголд International Technical College олгож байгаа бөгөөд Австралиас сертификат нь ирдэг. Үнэ: 2,500 ам.доллар. Сургалт: 5 хоног.

Хэрэв та АНУ, Канад болон Америк тивийн улсуудад ажиллахыг хүсвэл бас танд АНУ-ын OSHAсаdemy-гаас олгодог cертификатууд хэрэгтэй. Одоогоор Монголд OSHMI хүрээлэн үүнийг олгож байгаа бөгөөд 5 төрлийн сертификаттай сургалт санал болгодог. Сургалт: 5 хоног, төлбөр ойролцоогоор: 400.000 төгрөг. Сертификат нь АНУ-аас ирдэг. Ялангуяа уг сургалтын философи надад их таалагдсан. Одоогоор ХАБЭА-н менежер болон Сургагч бэлтгэх 2 сургалтанд нь суусан байгаа. Мэдээж Хойд Америкийн ажил олгогч нар OSHA сертификат шаарддаг юм байна лээ, LinkedIn-ээр ороод үзэж болно.

За хамгийн сүүлд нь та өөрөө өөрийгөө үнэ хүргэн Гадаад ажил олгогч нарт зарах шаардлагатай болно. Тэгэхээр ярилцлагад орох, ажил хэргээ явуулахын тулд танд Англи хэл хэрэгцээ, шаардлага биш хэрэглээ, зайлшгүй эзэмших чадвар болох болно. Ямар курс нь сайн бэ? гэж битгий асуугаарай, гар хөлийн 20 хуруунаас их энэ олон курсуудын ялгааг би ч мэдэхгүй, гол нь та хэр мэрийлттэй вэ? тэр хэмжээгээрээ л сурна. Англи хэлээ сайжруулчихаад дараа нь яах ёстой вэ? гэж үү?

Та бол Хөдөлмөрийн зах зээл дээрхи БАРАА. Барааг үнэ хүргэхийн тулд сурталчилах хэрэгтэй. Рекламаа та LinkedIn, Indeed, Monster, Seek.com.au зэрэг ажлын самбарууд дээр байрлуулж болохоос гадна (хүсвэл LinkedIn.com руу ороод Ganjiguur Bukhbat гэж бичээд минийхийг хараад санаа аваарай) Hays, JDA Applus зэрэг хүний нөөцийн компаниудад анкетаа бөглөж өгөхөө мартуузай. Сайн мэргэжилтнийг хүний нөөцийн компаниуд амжилттай зуучилж чаддаг. Лав л одоогийн компанидаа JDA Applus-аар зуучлуулан орсон юм даг, гадуур гүйх ажил багасгадаг их хэрэгтэй үйлчилгээ юм байна гэж бодсон. Мэдээж зуучийн компанид та мөнгө төлөхгүй, тэд таныг олж өгснийхөө хөлсийг цаад Компаниас авдаг.

Гэхдээ зүгээр суух болоогүй ээ, дээрхи ажлын самбаруудаар гүйн тохирох ажилдаа Apply хийх хэрэгтэй. Ажил олгогчоос тавьж байгаа туршлага, сертификат болон зан чанарын шаардлагыг сайтар анхаараарай. Та өөрийгөө туршлагын хувьд болоогүй гэж голж болохгүй, цаана чинь 1-ээс дээш жилийн туршлагатай ХАБЭА-н ажилтан авна гэсэн зар Дэлхийгээр нэг байна.

Танд амжилт хүсье.

Б.Ганжигүүр

HSCT ХХК