Ажлын Аюулын Шинжилгээ (JSA or JHA)

Ажлын Аюулын Шинжилгээг Англиар Job Safety Analysis /JSA/ эсвэл Job Hazard Analysis /JHA/ гэж нэрлэдэг.

Урьд нь хийгдэж байгаагүй эсвэл яаж хийх журам байхгүй ажил дээр Ажлын Аюулын Шинжилгээ (ААШ) хийснээр осолд хүргэж болох аюулыг урьдчилан таниж, аюулыг арилгаснаар ослоос урьдчилан сэргийлж болно.

Жишээ нь: 2 метрийн өндөрт хана будах - 2 сандал дээр банз тавьж, дээр нь зогсоод буддаг урьдын туршлага байгаа бол тийм ч сайн туршлага биш юм. Ажилчидийн толгой эргэхэд эсвэл сандлыг нь санамсаргүй шүргэхэд хана будаж байгаа ажилчин унан, гэмтэл авах аюултай. Урьд яаж аюулгүй будах талаар танай байгууллагад ААШ байхгүй бол удирлага, ажилчид, ХАБ-ын ажилтан хамтраад ААШ хийнэ. Гарах аюулуудыг тодорхойлж, түүнийг арилгах эсвэл хяналтандаа авах арга хэмжээг тодорхойлно.

Ач холбогдол:

1. Ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд тодорхой болно. Ослоос гарах хохирлын хэмжээ буурна.

2. Ажилчидад аюулгүй ажиллагааны талаархи мэдлэг нэмэгдэнэ.

3. Аюулгүй ажиллагааг хөгжүүлэхэд ажилчидийн оролцоог нэмэгдүүлнэ.

4. Ажилчид, удирдлага, ХАБ-ын ажилтнуудын харилцаа холбоог ойртуулна.

5. Эцэст нь ААШ-г сургалтын материал эсвэл журам болгон боловсруулж болдог.

Ажилчид болон түүний удирдлага хамтдаа хийвэл өндөр үр дүнтэй. Үүний үр дүнд удирлагууд “түүний ажилчидийг юу гэмтээж болохыг” мэдэхээс гадна, ажилчид ажлын байран дээр нь ямар аюул байгааг олж харна. Мөн ХАБ-ын ажилтан ААШ-д хамтран оролцсон үед тухай ажил дээр байгааг аюулыг мэдэж авах боломжтой.

Үүнийг хийхэд 10 – 30мин зарцуулна.

ААШ хийх 2 төрлийн арга байна:

1. Бүлгээр хэлэлцэх арга – Аливаа томоохон ажил, урсгал засвар, урьд нь өгөгдөж байгаагүй ажлын даалгавар хийх үед бүгд хамт суугаад ААШ хийнэ.

2. Шууд ажиглалтын арга – Ажилчин ажиллаж байхад түүнийг ажиглан, гарч буй аюулуудыг таниж, арилгах арга замуудыг тодорхойлно. Жич: Ажиллаж байгаа ажилчний анхаарлыг сарниулж болохгүй. Жишээ нь: Сэрээт өргөгчийн оператор. Анхаарлыг нь сарниулснаар оператор зөөж яваа ачаагаа унагааж магадгүй эсвэл техникээрээ юм мөргөх аюултай.

ААШ хийхдээ ажлын дараалал, алхамыг эхлээд сайтар задалж өгөх хэрэгтэй шүү. Ингэснээр ажлын алхам бүрт гарах аюулуудыг тодорхойлоход хялбар байх болно. Жишээ нь: Хана будах гээд ерөнхий бичвэл үүний ард харагдах аюул нь цөөн байх болно. Харин тавцан босгох, тавцан дээр гарах, тавцан дээр ажиллах, будаг түрхэх, тавцанг буулгах зэрэг алхамуудаар нь задалж өгвөл алхам бүрийн аюулуудыг танихад хялбар болж өгдөг.

Хана будах ажлыг хийх болгонд ААШ хийх үү?

Үгүй, хэрэв:

1. танай ажилчид үнэхээр сайн ААШ хийсэн гэж та үзэж байгаа бол,

2. тэр ажил байнга давтагддаг бол би танд ААШ-ийг Аюулгүй ажиллагааны журам (ААЖ) болгоод, захирлаараа батлуулаад, батлагдсан журмаа сургалтын системдээ оруулаарай гэж зөвлье.

Санамж: Тухайн ажил байнга давтагддаггүй бол ААШ болгоныг ААЖ болгох шаардлагагүй. Учир нь хэт олон журамтай (хэдэн мянга) болсноор танай ажилчидийн толгой эргэх бөгөөд хэзээ ч цээжилж чадахгүй. Журмыг цөөн, оновтой, тодорхой, ягштал мөрдөгддөг байлгах хэрэгтэй. Эс бөгөөс ААЖ зүгээр цаас болж, бизнесийг тасалдуулах, ар гэрийг гашуун зовлонд унагах ослууд гарсаар байх болно.

Тэгвэл байнга давтагдахгүй хэрнээ хааяа хийгдээд байдаг ажлын ААШ-ийг яах вэ?

Удирдлага (бригадын ахлагч, ээлжийн мастер...) болон ажилчидад урьд нь хийгдсэн сайн ААШ-ийг танилцуулаад, гарын үсгийг нь зуруулж аваад, бичиг баримтын бүртгэлдээ хадгална. Өөрөөр хэлбэл бяцхан наряд болгочих юм. ААШ-ийн загварыг ЭНДЭЭС татаж авна уу.

Танд амжилт хүсье.

Б.Ганжигүүр

HSCT ХХК