Монгол Б.Ганжигүүрээр дуусахгүй

2200 жил үргэлжилсэн их түүхийг өнөөдөр үргэлжлүүлэн авч яваа нь бид. Хөдөлмөрийн аюулгүй байдлын салбарт 15 жил ажиллахад хуримтлуулсан жаахан туршлагаа дараагийн үедээ аль болох бүтэн өвлүүлэхийн тулд мэддэг, чаддаг бүхнээ вебсайтаараа хуваалцдаг билээ. Учир нь энэ өв цаашид үргэлжлэн, ямар мундаг ХАБЭА-уудаар дамжин, яаж нийгэмд тархаж, бидний аав, ээж, үр хүүхдийн амь насыг хамгаалахыг би тааж чадахгүй нь. ХАБЭА-уудад мэдлэг дамжина, ХАБЭА маань Захирал, Менежер, Ажилтнууддаа зааж өгнө, сурсан Захирлууд болон ажилтнууд цаашид хийх бүх үйл ажиллагаандаа энэ арга барил, мэдлэг, туршлагаа ашиглаад явбал хичнээн олон хүнд тус болох бол? Их түүхийг цаашид үргэлжлүүлэхэд эх оронд минь хүн бүр хэрэгтэй. Бидэнд БНХАУ шиг 1,3 тэрбум хүн алга, ОХУ шиг 144 сая хүн ам алга, цөөхөн Монголчууд бид баялаг бүтээгч хүн болгоноо хайрлаж, гамнаж байж хөгжиж чадна.

Миний хоёр охин ч бас 10-15 жилийн дараа хөдөлмөрийн зах зээл дээр гарна. Тэд гарахад аав нь өөрийн цаг үедээ хангалттай ажил хийж, хөдөлмөрлөх орчны аюулгүй байдлыг сайжруулахад бяцхан хувь нэмрээ оруулсан байх сан. Ядахдаа тэдний ажиллах цаг нь ирэхэд хамгаалалтын малгай нь чанарын шаардлага хангасан байгаасай, өндрийн бүс нь хамгаалж чадаасай, өмссөн гутал нь чийг бага татаасай гэж орой бүр санаа зовж суух байх даа...

Ирэх 3 жилд HSCT компани зөв удирдан дэлхийн тавцанд гарсан Монгол корпораци үүсгэнээ. 2021 онд Хятадад охин компаниа нээж, цаашид 2022 онд ОХУ, (Казахстан, Энэтхэг, Европ, Хойд Америк, Өмнөд Америк) дэлхийгээр нэг тарж, Монголчууд юу хийж чаддагийг харуулна. Гадаадаас валют олж ирнээ. Бидний өвөг дээдэс 800 жилийн өмнө Адриатын тэнгист махир сэлмээ угааж байсан бол бид яагаад цаашлан Португаль хүрч, Атлантын далайг гатлан шинэ тивд хүрч болохгүй гэж? Яагаад HSCT ХАБ салбарынхаа мөсийг зүсээд, ирээдүйд үүсэх олон Монгол компаниудад Монголчууд ингэж чадна гэж харуулан, итгэл өгч болохгүй гэж? Бидний хойч үе биднээс илүү ухаантай байна.

Хүн бүр эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, ажлаа тултал хийхэд гуравхан сая хүн амтай миний эх орон хөгжихөд үнэхээр амархан. Та сайжирч чадсан бол хуваалцаж, тань шиг болоход бусаддаа тусалж, үүд хаалгыг нь нээж өгч байгаарай. Өөрийн мэдлэгээ өвлүүлж, их түүх цаашид үргэлжлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаарай. Миний эх орон надаар дуусахгүй, ахиад 1000 жил ч үргэлжлэхэд өнөөдөр миний хийх ажил чухал.

Б.Ганжигүүр

HSCT ХХК