ХАБЭА-н зөвлөлийг сайжруулах нь

Байгууллагын стратегийн түвшинд ХАБЭА-н соёлыг хэрхэн сайжруулахыг ажлыг та бүхэн ХАБЭА-н зөвлөл дээрээ ярилцаж, явдаг гэдэгт итгэлтэй байна. Багахан зүйлээр Зөвлөлийн ажлыг сайжруулах практик жишээнүүд хуваалцая.

ХАБЭА-н зөвлөл дээр жижиг асуудал бүү ярьж байгаарай. 30-60 минут хуралдах богино хугацаанд минут бүр үнэтэй тул гишүүдийн анхаарлыг та бүхэн том асуудал руу хандуулж, үр дүнтэй шийдвэр гаргуулахад оршино. Хамгийн их цаг алддаг асуудал бол гутал, хувцасны маргаан, гомдлууд байдаг. Үүнийг газрын дарга, хэлтсийн түвшиний менежер түвшинд өөр гутлаар оруулах, эсвэл солиулахаар шийдвэр гаргуулж болдог тул орхиод, үүнээс том асуудал буюу Аюулыг мэдээллэх, Эрсдэлийн үнэлгээнүүдэд хүн болгоныг татан оруулах, Сарын аяны сэдэв гаргах, шинэ багажуудыг (5 Алхам, Хяналтын хуудас, Зөрчлийн хуудас, Тоног төхөөрөмж шалгах үзлэг гэх мэт) Байгууллага даяар нэвтрүүлэх, Сургалтуудаа хэрхэн төлөвлөх, Шинэ бодлого, дүрэм журмууд, Анхаарал татахуйц өндөр эрсдэлүүд авах арга хэмжээнүүд дээр ярилцаж, шийдэл боловсруулж болно.

Хурал эхлэхээс 7 хоногийн өмнө хэлэлцэх асуудлыг бичсэн хурлын удирдамжаа (протокол) Зөвлөлийн гишүүдэд илгээн, ямар асуудал ярилцахаа тайлбарлан, тэдэнд энэ хурал дээр бэлтгэх хугацаа олгож байгаарай. Алтан дүрэм бол Хэзээ ч бүү гэнэтийн бэлэг бүү задал – Огт төлөвлөөгүй, хурлын удирдамжид байхгүй асуудал ярих нь цаг алдахаас хэтэрдэггүй. Гишүүд удирдамжийн дагуу ярих зүйлээ бэлтгэж, захирал хүртэл хэлэх үгээ урьдчилаад тооцох тул хурлын бүтээмж нэмэгддэг. Урьдчилаад илгээсэн удирдамж дээр Гишүүд шинэ асуудал, сэдэв, санал санаачлага оруулж өгч болдог. Нэмэгдсэн шинэ санааг оруулаад, удирдамжаа дахин илгээгээрэй, гэнэтийн, мэдэгдээгүй зүйл гаргаж болохгүй.

Хэрвээ хүсвэл Зөвлөлийн гишүүдтэйгээ хамт хурлын өмнө аль нэг ажлын байраар хамтдаа Ажлын байрны үзлэг хийж бас болдог. Ингэх нь Манлайллыг түгээх өндөр ач холбогдолтой – өөрөөр хэлбэл Захирал, Албаны дарга, Салбар бүрийн гишүүд нийлээд хамтдаа ажлын байраар явах нь тэнд ажилладаг ажилтан ажиллагсадад өндөр сэтгэгдэл төрүүлдэг, ХАБЭА-д ямар их анхаарал хандуулдагийг үлгэрлэн харуулдаг. Тухайн ажлын байрыг мэдэхгүй байсан Захирал, Удирдлагууд хүртэл мэдээлэл авч амждаг, дараа нь тухайн ажлын байран дээр байгаа асуудлыг шийдэхэд шийдвэрээ ч түргэн гаргадаг.

Хурал болсны дараа протоколоо бүх ажилтан ажиллагсаддаа мэйлээр болон ХАБЭА-н самбараар дамжуулан мэдээлэл илгээж байгаарай, мөн Зөвлөлийн гишүүд өөрсдийн өглөөний наряд дээр энэ тухай 5 минутын товч мэдээлэл ч хийж болдог. Ямар асуудал шийдэгдсэн, эсвэл шийдэгдээгүй, ямар асуудал яригдсан талаар ил тод мэдээллэж байх нь ЗӨВЛӨЛ-АЖИЛЧИН бүрийн харилцаа холбоог ойртуулаад зогсохгүй, ХАБЭА ажилтнуудын нэр хүндийг өсгөж байдаг. Манай ХАБЭА ч мундаг шүү, ийм асуудлыг шийдүүлж чадсан байна, Манай Зөвлөлийн гишүүд ч үнэхээр биднийгээ гэсэн сэтгэлтэй шүү, хамтдаа сууж байгаад ингээд шийджээ гэсэн эерэг мессеж түгээх том суваг болж өгдөг.

Санаа авах хурлын удирдамж (протокол)-ыг татаж авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.

Б.Ганжигүүр

HSCT ХХК